Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт: Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь төслийн суурь судалгаа

Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйл буюу “Хүн худалдаалах” гэмт хэргээр сүүлийн 3 жилийн хугацаанд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн гэмт хэргийн тоог авч үзвэл, нийт 38 хэрэгт 131 хохирогч тогтоогдсоны 35% нь насанд хүрээгүй 14-18 хүртэлх насны хохирогч байна.[1] Хэргийн үйлдэгдсэн хэлбэрийг авч үзвэл бүгд бэлгийн мөлжлөгийн зорилгоор үйлдэгдсэн байх боловч хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд, хөдөлмөр мөлжлөгийн хэлбэрүүд үйлдэгдсээр байгаа ч ХХГХ-т  тооцохгүй байгааг ТББ-ууд онцолсон байна.[2] Хүүхэд худалдаалах гэмт хэргийн үйлдэгдэж буй аргыг авч үзвэл гадаадад хэлний бэлтгэлд зуучлах, сургуульд тэтгэлгээр суралцуулах, өндөр цалинтай ажилд зуучлах, зар гаргах, түүнчлэн БНХАУ руу мал маллуулах, уралдааны морь унуулах, урлагийн үзүүлбэр үзүүлэх (уран нугараач) зорилгоор хуурч мэхлэн замаар гадаад улсад хүчээр албадан хөдөлмөр хийлгэх, биеийг үнэлүүлэх, хилийн чанадад энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болгосон тохиолдлууд цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Мөн  хүүхдээр гуйлга гуйх, хулгай хийх болон хурдан морь унах, мал маллах, эсвэл хогийн цэг дээр хог түүх, барилга зэрэг эдийн засгийн албан бус салбарт албадан байдлаар хөдөлмөр эрхэлж байгааг АНУ-ын Төрийн департаментын 2020 оны тайланд дурджээ.[3] Тус суурь судалгааны зорилго нь Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй ХХГХ-тэй тэмцэх тогтолцооны нөхцөл байдлыг тодорхойлж ЗГ болон ИНБ-уудад зөвлөмж боловсруулахаар зорьж ажилласан. Тус зорилгод хүрэхийн тулд ХХГХ-тэй тэмцэх чиглэлээр олон улсын конвенц, баримт бичгүүдэд авч үздэг 4P парадигмын дагуу судалгааны үр дүнг боловсруулж шинжилсэн. Үүнд:

  • Урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа
  • Хохирогч хамгаалал
  • Хэргийн хянан шийдвэрлэх ажиллагаа
  • Хамтын ажиллагааны хүрээнд тогтолцооны нөхцөл байдлыг авч үзсэн.

Түүнчлэн олон нийтийн ХХГХ-ийн талаарх мэдлэг, ойлголт ямар түвшинд байгааг эцэг, эх, асран хамгаалагчид болон өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж чадахуйц 14-17 насны хүүхдүүдийг судалгаанд хамруулж олон нийтийн мэдлэг ойлголтыг тодорхойлсноороо онцлог байлаа.

2020 оны 4 дүгээр сард АНУ-ын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газар Монгол улсад хүүхдийг бэлгийн мөлжлөгийн зорилгоор худалдаалах, хүүхдийг албадан хөдөлмөр эрхлүүлэхтэй тэмцэхэд чиглэсэн Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт гэрээг байгуулсан. Дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төслийн голлон хэрэгжүүлэгч Дэлхийн зөн ОУБ, хамтран хэрэгжүүлэгчээр Азийн сан ОУБ нар сонгогдсон. Харин 2021 оны 4 дүгээр сараас 11 сарын хооронд Дэлхийн зөн Монгол ОУБ-ын захиалгаар IRIM судалгааны  хүрээлэн уг төслийн суурь судалгааг хийж гүйцэтгэсэн. Уг судалгааны ажлаар Монгол Улсад хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй ХХГХ-тэй тэмцэх тогтолцооны өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж төр болон иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-уудыг чадавхжуулахад чиглэсэн санал зөвлөмж боловсруулахаар зорьсон.  Суурь судалгааг дараах зорилтуудын хүрээнд хийж гүйцэтгэсэн. Үүнд:

Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй ХХГХ-тэй тэмцэх тогтолцооны нөхцөл байдлыг тодорхойлох чиглэлд:

  • Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй ХХГХ-тэй тэмцэх чиглэлээр ЗГ болон ИНБ-уудын хамтын ажиллагааны түвшинг үнэлэх
  • Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй ХХГХ-ийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны өнөөгийн түвшинг үнэлэх
  • Хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй ХХГХ-ийн хохирогчид үзүүлэх хохирогч хамгааллын үйлчилгээний зураглал гаргах
  • Олон нийтийн ХХГХ (Хүүхдийн албадан хөдөлмөр эрхлэлт, бэлгийн мөлжлөг, ХХГХ гол гурван нэр томъёоны агуулгад үндэслэсэн)-ийн талаарх ойлголт, мэдлэгийг үнэлэх

Төслийн урьчилан сэргийлэх болон хохирогч хамгаалал бүлгийн шалгуур үзүүлэлтийг үнэлэх чиглэлд:

  • Хилийн хяналт ажиглалтаар илэрсэн ХХГХ-ийн хохирогч байж болзошгүй хүүхдийн тоог тодорхойлох
  • Урт болон богино хугацааны хамгаалах байрны үйлчилгээ авсан хохирогчдын тоог тодорхойлох
  • Сонгогдсон орон нутаг дахь гаднын ямар нэгэн дэмжлэггүйгээр хүүхэд хамгааллын үйлчилгээг авч чадна гэж хариулсан өрхийн хувийг тодорхойлох

 

Хүүхэд хамгааллын түншлэлийн компакт төслийн суурь судалгааны үр дүн гарлаа (worldvision.mn)


[1] О.Нямдаваа. (2020). Бэлгийн мөлжлөг, Хүн худалдаалах гэмт хэргийн шийдвэрлэлтийн өнөөгийн нөхцөл байдал

[2] ХТЭТ. (2019). Universal periodic review (UPR) report: Human trafficking. Geneva.

[3] Department, U. (2020, 8 26). Хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайлан. Retrieved from Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам: https://mn.usembassy.gov/mn/2020-trafficking-persons-report-mn/

2021 оны 4 дүгээр сараас 11 сарын хооронд Дэлхийн зөн Монгол ОУБ-ын захиалгаар IRIM судалгааны хүрээлэн уг төслийн суурь судалгааг хийж гүйцэтгэсэн. Уг судалгааны ажлаар Монгол Улсад хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй ХХГХ-тэй тэмцэх тогтолцооны өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж төр болон иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-уудыг чадавхжуулахад чиглэсэн санал зөвлөмж боловсруулахаар зорьсон. Суурь судалгааг дараах зорилтуудын хүрээнд хийж гүйцэтгэсэн.