ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ ЭРЧИМ ХҮЧНИЙ ШИЛЖИЛТИЙН ТАЛААРХ ОЛОН НИЙТИЙН САНАЛ БОДЛЫН СУДАЛГАА ЯВАГДАЖ БАЙНА.
Монгол Улсын Засгийн газраас эрчим хүчний салбарт шинэчлэлт хийхээ зарлаж, тодорхой алхмуудыг гүйцэтгэж эхлээд байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс “Тэгш, хүртээмжтэй эрчим хүчний шилжилт” баримт бичгийг 2024 оны 11 дүгээр сард олон нийтэд танилцуулсан. Уг баримт бичигт эрчим хүчний гол эх үүсвэрт малтмал түлшийг ашиглахаас татгалзаж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт шилжих шаардлага зүй ёсоор тулгараад байгааг онцолсон.
Энэхүү санаачилгын хүрээнд IRIM судалгааны хүрээлэн нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Дэлхийн банк группийн санхүүжилтээр “Эрчим хүчний шилжилтийн талаарх олон нийтийн санал бодлын судалгаа”-г 2024-ны 11 дүгээр сараас үндэсний хэмжээнд зохион байгуулж байна. Судалгааг гүйцэтгэснээр тэгш, тогтвортой, улс төрийн хувьд боломжтой эрчим хүчний шилжилтийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх талаар олон нийт ямар байр суурьтай байгааг тодруулж, холбогдох талуудыг мэдээллээр хангахыг зорьж байна.
Судалгааны хүрээнд Улаанбаатар хот болон 21 аймагт байршилтай 1,500 өрх, сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг 15 хувийн хэвшлийн байгууллагуудыг хамруулан тоон болон чанарын аргуудыг хослуулан мэдээлэл цуглуулж байна.
Та бүхэн судалгааны ажилтай холбоотой аливаа мэдээлэл авахыг хүсвэл IRIM судалгааны хүрээлэнгийн судлаач Б.Нямбаяр (nyambayar@irim.mn)-тай холбогдох боломжтой.