Засаглал ба Ардчилал

Манай байгууллага 2008 онд байгуулагдсан цагаасаа эхлэн засаглалын салбарт төвлөрөн ажиллаж ирсэн бөгөөд засаглалын төслүүд IRIM-ийн хэрэгжүүлж буй нийт төслийн 20 гаруй хувийг дангаар эзэлдэг. Одоогийн байдлаар нийт 70 гаруй урт болон богино хугацааны үр нөлөө бүхий засаглалын судалгааны төслүүдийг хэрэгжүүлээд байна. Үүн дундаа бид өгөгдөлд суурилсан (data-driven) цахим (e-governance and digital transformation) болон нээлттэй, ил тод засаглалыг (open governance initatives) бэхжүүлэхэд чиглэсэн судалгааны ажлуудад төвлөрөн, дараах салбар чиглэлээр судалгааны арга зүй, аргачлалаа тогтмол сайжруулан ажиллаж байна.  

  

 

Засаглалын салбарт нийгмийн олон талт бүлгийн оролцоо, төлөөллийг хангах асуудал чухалд тавигддаг тул бид засаглалын чиглэлээр хэрэгжүүлж буй бүхий л судалгаа, төслүүддээ жендер, хөгжлийн бэрхшээл, нийгмийн эмзэг бүлгийн төлөөллийг тэгш хамруулах GEDSI approach (Gender Equality, Disability and Social Inclusion)-ыг баримтлан ажилладаг. 2024 онд засаглалын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах чухал арга зам болох улс төрийн сонгууль дэлхийн 60 гаруй улсад өрнөж, дэлхийн хүн амын тэн хагас нь сонгуульд оролцох онцлог үе тохиож байна. Үүнтэй холбоотойгоор сонгох, сонгогдох эрхээ нийгмийн бүх бүлгүүд адил тэгш эдлэхэд хувь нэмэр оруулахын тулд IRIM судалгааны хүрээлэн засаглалын чиглэлээр хийгдэж буй судалгааны төслүүдийн бүх үе шатанд дуу хоолой нь орхигдох эрсдэлтэй бүлгийн төлөөллийг тэгш хамруулахыг зорин ажиллаж байна.  

  • Төрийн үйлчилгээний ил тод байдал, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд

    Төрийн үйлчилгээний ил тод байдал, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор бид 2010-2011 онд төрийн байгууллагын цахим ил тод байдлыг үнэлэх арга зүйн анхны хувилбарыг боловсруулж, улмаар 2014 оноос хойш жил бүр төрийн байгууллагын цахим ил тод байдлыг бие даасан байдлаар үнэлж ирсэн. 2019 онд үнэлгээний арга зүйгээ шинэчилж, олон улсад ашиглагдахуйц төрийн байгууллагын “Цахим ил тод байдлын индекс”- ийг боловсруулж, Монгол болон Киргизстан Улсуудад амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай. Уг индексийг манай хүрээлэн жил тутам нийгмийн хариуцлагын хүрээнд бие даасан байдлаар гүйцэтгэж, олон жилийн давтамжтай харьцуулалт хийхийг зорьж байгаа бөгөөд үр дүнд суурилан төрийн байгууллагуудад чиглэсэн нөлөөллийн ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.   

    Мөн манай хүрээлэн 2008 оноос хойш орон нутгийн төсвийн ил тод байдлын чадавхыг бэхжүүлэхэд чиглэсэн судалгааны ажлуудыг тасралтгүй гүйцэтгэж, 2014 онд “Шилэн дансны тухай хууль” батлагдахад нөлөөлж, “Орон нутгийн хөгжлийн сангийн үнэлгээ”-г үндэсний хэмжээнд гүйцэтгэх, талуудыг чадавхжуулах ажлуудад сүүлийн 5 жил тасралтгүй оролцож, орон нутгийн засаглалын хөгжилд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна.   

    Засаглалын чиглэлээр бид Төв Азийн бүсийн иргэний нийгмийн байгууллагуудын эрхийг хамгаалах зорилготой Innovation for Change (I4C)  олон улсын сүлжээнд 2018 оноос гишүүнээр ажиллаж байна. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр (UNDP), Азийн сан (TAF), Авлигатай тэмцэх газар зэрэг төр болон олон улсын байгууллагуудтай засаглалын чиглэлээр тогтвортой хамтын ажиллагаатай.   

  • Төрийн байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмж, иргэдийн сэтгэл ханамжийг тодорхойлох чиглэлд

    Төрөөс хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны гүйцэтгэлийг иргэд, олон нийтээр үнэлүүлэх, цаашлаад төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн үр дүн, зөвлөмжийг бодлого боловсруулагчдад санал болгох зорилготой судалгааны ажлуудыг гүйцэтгэх нь засаглалын салбар дахь манай байгууллагын дараагийн гол чиглэл юм.   

    Энэ хүрээнд бид төрийн үйлчилгээний талаарх хэрэглэгчийн үнэлгээг 2012 оноос хойш яам, агентлагуудтай хамтран салбарын түвшинд, 2019 оноос ЗГХЭГ-тай хамтран үндэсний түвшинд хийж гүйцэтгэсэн туршлагатай. Мөн “Нэг цонхны үйлчилгээ” төслийн суурь, явцын болон эцсийн үнэлгээг (2013-2014) гүйцэтгэсэн нь төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэх байдлыг нэмэгдүүлэхэд суурь мэдээллийг цуглуулсан чухал ажил болсон.  

    Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх зорилгынхоо хүрээнд бид Ази Номхон далайн улс орнуудын ‘Нийгмийн хариуцлагын төлөөх сүлжээ’ байгууллагын гишүүнээр 2010 оноос хойш ажиллаж байна. Мөн энэ чиглэлийн төсөл, судалгааны ажлуудад Дэлхийн банк (WB), Швейцарын хөгжлийн агентлаг (SDC), Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар зэрэг төр болон олон улсын байгууллагуудтай голлон хамтарч ажиллаж байна.    

  • Ардчилал, хүний эрх, иргэний оролцооны чиглэлд

    IRIM судалгааны хүрээлэн ардчилал болон иргэний орон зай, иргэний эрхийн чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн. Энэ чиглэлд хэрэгжүүлсэн онцлох ажлуудаас дурдвал 2018 онд Дэлхийн Нийгмийн Сангийн дэмжлэгтэйгээр “21-р зууны Ардчилал: Сорилтууд ба цаашдын хандлага” сэдвийн хүрээнд 14 орны 31 илтгэгч, 100 орчим оролцогчдыг хамруулсан олон улсын бага хурлыг Монголд амжилттай зохион байгуулж байсан. Уг хурлын үр дүнд “Ардчиллын тэмцэл сорилтын жилүүдэд: Монгол ба Дэлхийн улс орнууд туршлагажиж эхэлсэн нь”  сэдэвт эрдэм шинжилгээний эмхэтгэл ном бүтээгдсэн бөгөөд Англи, Монгол хэлээр олон нийтэд нээлттэй түгээж, олон орны судлаачдын хүртээл болсон. Мөн ардчилал, сонгуулийн тогтолцоо, иргэдийн оролцооны асуудлаар жил бүр олон нийтийн санаа бодлын тандалт судалгаануудыг зохион байгуулж ирсэн нь бодлого боловсруулагч, эрдэмтэн судлаачид, иргэд олон нийтийн дунд танилцуулагдаж, хэлэлцүүлгийн сэдэв болж ирсэн.   

    2020 оноос Азийн Ардчиллын Судалгааны Сүлжээ (Asia Democracy Research Network)-д гишүүнээр ажиллаж, ардчиллын чиглэлээрх судалгааны үр дүнгээ олон улсад хуваалцах, хамтын ажиллагаа бий болгох чиглэлээр идэвхтэй ажиллаж байна. Мөн энэ чиглэлийн судалгааны ажлуудаар Америкт төвтэй Ашгийн Төлөө Бус Хуулийн Олон Улсын Төв (ICNL), АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID), Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн (IRI) зэрэг олон улсын байгууллагуудтай голлон хамтран ажиллаж байна.