Хяналт-шинжилгээ, үнэлгээ (ХШҮ) нь төсөл, хөтөлбөр, бодлогын явц, үр нөлөөг үнэлэх, хянах, тасралтгүй сайжруулахад тусалдаг системчилсэн үйл явц бөгөөд IRIM-ийн хамгийн өндөр чадавхтай, мэргэшсэн үйл ажиллагааны нэг чиглэл юм. ХШҮ-ний төслүүд IRIM-ийн хэрэгжүүлж буй нийт төслийн 35 орчим хувийг дангаар эзэлдэг ба бид ХШҮ-ний төслүүдээрээ дамжуулан хөгжлийн салбарт хэрэгжиж буй төслүүдийг хэрэгцээнд нийцсэн, үр дүнтэй, үр ашигтай, үр нөлөөтэй, тогтвортой хэрэгжихэд нь дэмжлэг үзүүлэхийг зорин ажилладаг.
Бид ХШҮ-г хяналт шалгалт, аудит гэж хүлээж авах уламжлалт хандлагыг бэхжүүлэхээс зайлсхийж, төсөл хөтөлбөрийг тасралтгүй сайжруулах процесс, сургамж туршлагаа дүгнэх системийн нэг хэсэг болохынх нь хувьд оролцогч талуудад таниулах, ач холбогдлыг нь ойлгуулж, үр дүнд суурилсан (result-based), олон талын оролцоонд суурилсан (participatory-based M&E methods) аргачлалуудаар зохион байгуулахыг эрмэлздэг. Салбар, сэдэв, төслийн үйл ажиллагаа, үр шим хүртэгч талуудаас хамааран ХШҮ-г гүйцэтгэхдээ оролцогч талуудын хэв маяг, онцлогт тохируулан оролцогчийг нууцалсан аргууд (anonymous survey, interview)-ээс эхлүүлэн Аалзны тор, Асуудлын мод, H-форм, Картын арга зэрэг олон талт үнэлгээний аргуудыг уламжлалт болон дижитал хэлбэрээр ашиглан мэдээллээ цуглуулдаг. Сүүлийн үед олон нийтийн оролцоонд суурилсан шинэлэг аргууд болох Дүрс зургийн арга (Photovoice), оролцоот бичлэгийн арга (Participatory video) -дыг ХШҮ-ний төслүүдэд ашиглаж, арга зүйгээ улам баяжуулсаар байна.
Бидний голлон гүйцэтгэж буй ХШҮ-ний төрлүүдийг танилцуулбал:
ХШҮ-ний төслүүд нь бусад судалгааны төслүүдээс илүү бие даасан, нотолгоонд суурилсан шинжтэй байж, үнэлгээний багаас мэргэжлийн бөгөөд хөндлөнгийн байр суурь, анализ хийх чадавхыг ихээр шаардаж байдаг. Иймд бид ХШҮ-ний ур чадвараа ахиулахын тулд үндэсний, бүс нутаг, олон улсын мэргэжлийн үнэлгээчдийн холбоо, сүлжээнд гишүүнээр идэвхтэй ажиллаж, баг, мэргэжилтнүүдийнхээ ХШҮ-ний чадавхыг тасралтгүй сайжруулахад анхааран ажилладаг. Тухайлбал бид:
-
2016 оноос хойш Ази-Номхон Далайн Үнэлгээний Холбоо (Asia Pacific Evaluation Association)-ны гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд үнэлгээний туршлагаа хуваалцаж, бүс нутгийн сайн туршлагуудыг идэвхтэй нэвтрүүлэх замаар Монгол Улсдаа болон бүс нутагтаа үнэлгээний дадлуудыг сайжруулахад хүчин чармайлт гарган ажиллаж байна.
-
2017 онд Монголын Үнэлгээний Сүлжээ (Mongolian Evaluation Network)-г санаачилсан бөгөөд одоогоор IRIM нь нарийн бичгийн үүрэг гүйцэтгэж байгаагийн хувиар Ази-Номхон Далайн Бүсийн Үнэлгээний Стратеги болон олон улсын үнэлгээний стандартуудыг нэвтрүүлэх, түгээх үүрэгтэйгээр ажиллаж байна.
-
Мөн IRIM-аас Хөгжлийн Үнэлгээний Сургалтын Олон Улсын Хөтөлбөр (IPDET)-д жил тутам тогтмол судлаачдаа хамруулан өөрсдийн үнэлгээний мэдлэг, туршлагаа тасралтгүй бэхжүүлсээр байна.