2016 оноос хойш бид “Монголын нийгмийн сайн сайхан байдлын судалгаа”-г эхлүүлж, нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр тасралтгүй гүйцэтгэж байна. Уг судалгааны гол зорилго нь нийгмийн нягтрал, итгэлцэл, аз жаргал зэрэг субьектив сайн сайхан байдлын үзүүлэлтүүдийг шинжлэх ухааны суурьтайгаар судалж олон нийтэд таниулах, шийдвэр гаргалтад нийгмийн капиталын үзүүлэлтийг харгалздаг болох чиглэлээр нөлөөлөл үзүүлэх явдал юм. 2017 оноос хойш манай байгууллага “Олон улсын Нийгмийн сайн сайхан байдлын судалгааны консорциум”-д гишүүнээр ажиллаж байгаа бөгөөд консорциумаас зохион байгуулдаг бүсийн болон олон улсын хурлуудад оролцож, илтгэлээ хэлэлцүүлж, эрдэм шинжилгээний бүтээл хамтран боловсруулах, судалгааны төсөл хэрэгжүүлэх байдлаар идэвхтэй хамтын ажиллагаатай байдаг. Түүнчлэн Олон Улсын Социологичдын Холбоонд (ISA) 2010 оноос хойш Монгол Улсыг төлөөлөн албан ёсны гишүүнээр ажиллаж байгаа ба тус байгууллагаас батлан гаргасан “Ёс зүйн дүрэм”-ийг үйл ажиллагаандаа мөрдөн ажилладаг.