Зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгоход тулгарч буй хамгийн том сорилтуудын нэг бол албадан хөдөлмөрийн асуудал бөгөөд энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил төдийгүй, хөдөлмөрийн зах зээлийг гажуудуулж, цалинг зохиомлоор бууруулж, хүний нөөцийн капитал, ур чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг бууруулж, эдийн засгийн өсөлтөд ихээхэн хохирол учруулж байдаг. Монголд ялангуяа уул уурхай, хүнд олборлох үйлдвэрлэл, тээвэр, барилга, үйлчилгээний салбар дах албан бус секторуудад ажиллаж буй иргэдийн дунд албадан хөдөлмөрт өртөх эрсдэл өндөр байдаг. Бид албадан хөдөлмөрийн асуудлыг хүний наймааны нэг хэлбэр болохын хувьд өргөн хүрээнд авч үзэж судалж байсан туршлагатай бөгөөд 2020 онд “Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх Монгол Улсын хүчин чармайлтыг бэхжүүлэх нь төслийн суурь судалгаа”, 2021 онд “Хүн худалдаалахаас хүүхдийг хамгаалах нь” төслийн суурь судалгаа, 2022 онд Хүн худалдаалахтай тэмцэх төлөв байдлын тайланг боловсруулах ажлуудыг гүйцэтгэж байсан.