Хараат бус судалгааны хүрээлэн нь ЛАСН-ийн хэрэгжүүлж буй “Ойт хээрийн экосистем болон ховордож буй амьтдыг нутгийн иргэдийн оролцоотой хамгаалах нь” төслийн үр дүнгийн үнэлгээний ажлыг 2021 оны 01-р сарын 15-аас 03-р сарын 26-ны хооронд амжилттай хийж гүйцэтгэлээ. Уг үнэлгээ нь төслийн зорилтот бүс нутаг болох Архангай аймгийн Булган сумын Хойд Могойн гол-Тээлийн ОНТХГ-т оршин суугаа иргэдийн оролцоотой байгалийн нөөцийг хамгаалах, зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх замаар орон нутгийн тусгай хамгаалалттай газрын жишиг менежментийг бий болгох зорилгоор хэрэгжүүлсэн төслийн эцсийн үр дүнг үнэлэхэд чиглэсэн.
Энэхүү судалгааны ажлын хүрээнд нэгдүгээрт, Тээлийн ОНТХГ-т оршин суугаа иргэдийн нийгэм, эдийн засгийн байдлыг үнэлж, төсөл эхэлж байсан 2018 онд хийгдсэн суурь судалгааны (Хараат бус судалгааны хүрээлэн, 2018.9-2019.2) үр дүн болон улсын, бүсийн, орон нутгийн бусад иргэдийн амьжиргаатай харьцуулав. Тодруулбал, нийгэм, эдийн засгийн үндсэн нөхцөл байдлыг хэмжихэд ашиглагддаг Олон хэмжээст ядуурлын индекс (ОХЯИ) тооцох замаар төслөөс үр шим хүртэгчдийн нийгэм, эдийн засгийн байдлыг тодорхойлох; хоёрдугаарт, төслийн үйл ажиллагаа бүрийн хэрэгжилт, үр нөлөөг логик хүрээний дагуу үнэлж, дүгнэх; гуравдугаарт, иргэдийн оролцоотой байгаль хамгаалах асуудалд төслөөс үр шим хүртэгчдийн хандах хандлагыг үнэлэв.
Суурь судалгаанаас ялгаатай нь эцсийн үр дүнг үнэлэхдээ ОХЯИ-д нөлөөлөгч хүчин зүйлсийг тодорхойлох регрессийн шинжилгээ хийв. Ингэснээр өрхийн тэргүүний боловсрол, нас, нөхөрлөлийн гишүүн эсэх зэрэг өрхийн онцлогоос хамаарч тухайн өрхийн нийгэм, эдийн засгийн байдал ялгаатай эсэхийг тодорхойлох боломж бүрдсэн юм.
Хараат бус судалгааны хүрээлэн нь ЛАСН-ийн хэрэгжүүлж буй “Ойт хээрийн экосистем болон ховордож буй амьтдыг нутгийн иргэдийн оролцоотой хамгаалах нь” төслийн үр дүнгийн үнэлгээний ажлыг 2021 оны 01-р сарын 15-аас 03-р сарын 26-ны хооронд амжилттай хийж гүйцэтгэлээ.