Төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгоход тулгарч буй бэрхшээлийг бууруулах үр дүнтэй стратеги боловсруулахад Нийслэлийн засаг даргын тамгын газар (НЗДТГ)-т дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах нь” төслийн хүрээнд Хараат бус судалгааны хүрээлэн Улаанбаатар хотын зорилтот бүлгийн иргэдийн дунд төрийн үйлчилгээний хүртээмжийн жендэрийн үнэлгээг 2019 оны 1 сараас 9 сарын хооронд хийж гүйцэтгэлээ.
“Хотын засаглалыг сайжруулах нь” төслийг Азийн Сан нь НЗДТГ-тай хамтран Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр хэрэгжүүлдэг бөгөөд уг төсөл нь төрийн үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд илүү хүртээмжтэй болгох, төвлөрлийг сааруулах, төрийн захиргааны үйлчилгээг хорооны түвшинд хүргэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлдэг. НЗДТГ ирэх жилүүдэд төрийн үйлчилгээг хорооны түвшинд хүргэж, иргэдэд ойртуулах, хүн төвтэй, хүний эрхэд суурилсан үйлчилгээ нэвтрүүлэхээр зорьж байгаа. Ингэхдээ Тогтвортой хөгжлийн зорилгын үндсэн зарчим болох “Хэнийг ч ардаа хоцроохгүй байх” зарчмыг баримталж, төрийн үйлчилгээ хүртэж чадахгүй байгаа, хүртэхэд бэрхшээлтэй тулгардаг бүлгүүдэд ээлтэй үйлчилгээ үзүүлэхийн тулд зорилтот бүлгүүдэд чиглэсэн төрийн үйлчилгээний хүртээмжийн судалгааг хийлгэх хэрэгцээ шаардлага үүссэн болно.
Энэхүү судалгааны хүрээнд төслийн баг дараах зорилтуудад хүрэхээр ажилласан: Үүнд: (i) тодорхойлогдсон төрийн захиргааны үйлчилгээг авахад гэр хорооллын зорилтот бүлгийн иргэдэд тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд, хүртээмжтэй байдлын одоогийн түвшинг тодорхойлох; (ii) хүртээмжтэй байдалд нөлөөлж буй хүчин зүйлүүдэд гүн гүнзгий дүн шинжилгээ хийх; (iii) эдгээр үйлчилгээнүүдэд жендэрийн мэдрэмжийн үнэлгээ хийх; мөн (iv) НЗДТГ-т цаашид төрийн үйлчилгээг боловсруулахдаа жендэрийн мэдрэмж, тэгш байдлын зарчмуудыг тусгахад нь санал зөвлөмж өгөх.
Жендэрийн мэдрэмжтэй төрийн үйлчилгээний хүрээг судлахдаа баримт бичгийн шинжилгээний үр дүнд үндэслэн дараах 6 шалгуур үзүүлэлтийн хүрээнд тайланг боловсруулсан болно. Үүнд:
Зорилтот бүлгийн иргэдэд үйлчлэх төрийн үйлчилгээ хүрэлцээ бүрдсэн эсэх;
Нийгмийн хүртээмж (төрийн албан хаагчид зорилтот бүлгийн иргэдийн тусгай хэрэгцээний талаар мэдлэг, мэдээлэлтэй эсэх);
Нийгмийн хүртээмж (төрийн албан хаагчид зорилтот бүлгийн иргэдийг хүлээн авах хандлага, соёл төлөвшсөн эсэх);
Зорилтот бүлгийн иргэдэд үйлчлэх материаллаг орчны хүртээмж бүрдсэн эсэх;
Зорилтот бүлгийн иргэдэд үйлчлэх хариуцлага төлөвшсөн эсэх
Зорилтот бүлгийн иргэдийн хэрэгцээг тусгах жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлт хийгдэж байгаа эсэх
Төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажлуудыг дэлгэрэнгүй дурдвал:
Судалгааны 4 төрлийн хэрэглэгдэхүүнийг Англи, Монгол хэл дээр боловсруулсан
Талбарын судлаачдын гарын авлагыг боловсруулж, судлаачдыг сургаж бэлтгэсэн
Талбарын зохион байгуулалтыг богино хугацаанд шуурхай гүйцэтгэж мэдээллээ цуглуулсан.
Цуглуулсан мэдээлэлд 3 үе шаттай чанарын хяналт хийж, мэдээлэл оруулалтыг гүйцэтгэсэн.
Цугласан тоон болон чанарын мэдээлэлд шинжилгээ хийсэн.
Эцсийн тайланг боловсруулж, захиалагч талын саналын дагуу сайжруулалт хийж тайланг эцэслэсэн.
Тайлан: Улаанбаатар хот (ulaanbaatar.mn)
Төрийн үйлчилгээг хүртээмжтэй болгоход тулгарч буй бэрхшээлийг бууруулах үр дүнтэй стратеги боловсруулахад Нийслэлийн засаг даргын тамгын газар (НЗДТГ)-т дэмжлэг үзүүлэх зорилгоор Азийн сангийн “Хотын засаглалыг сайжруулах нь” төслийн хүрээнд Хараат бус судалгааны хүрээлэн Улаанбаатар хотын зорилтот бүлгийн иргэдийн дунд төрийн үйлчилгээний хүртээмжийн жендэрийн үнэлгээг 2019 оны 1 сараас 9 сарын хооронд хийж гүйцэтгэлээ.