Хүүхэд бүрийн сурч боловсрох хэрэгцээг хангах чиглэлээр дэлхийн нийтийн баримталж буй суурь хандлага нь тэгш хамруулах боловсролын зарчим билээ. Тэгш хамруулах боловсролын зарчмыг авч үзсэн олон янзын тайлбар, тодорхойлолт байдаг хэдий ч энэхүү судалгааны хүрээнд бид бүх хүүхэд тэр дундаа үйлдлийн чадварын хүндрэлтэй хүүхдүүд (ҮЧХХ) өөрийн тусгай хэрэгцээндээ нийцсэн дэмжлэг туслалцаатайгаар үе тэнгийнхэнтэйгээ хамт, адил тэгш суралцах боломжоор хангагдаж байх боловсролын үйл явцыг илүү тодорхойлохыг зорьсон.
Тус судалгааг тэгш хамруулах боловсролыг дэмжих чиглэлээр Азийн хөгжлийн банк болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам (БСШУСЯ) хамтран 2020-2024 онд хэрэгжүүлэх буцалтгүй тусламжийн томоохон төслийн хүрээнд IRIM судалгааны хүрээлэнгийн төслийн баг гүйцэтгэсэн.
Судалгаа нь хөгжлийн бэрхшээлтэй буюу ҮЧХХ-ийг бүх шатны боловсролд тэгш хамруулсан хууль эрх зүй, бодлогын орчныг сайжруулахад БСШУСЯ-нд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилготой. Дээрх үндсэн зорилгод хүрэхийн тулд ажлын даалгаварт тусгагдсаны дагуу судалгааны баг дараах зорилтуудад хүрэхийг зорьж ажилласан:
Цэцэрлэгийн болон сургуулийн насны ҮЧХХ-ийн хүн ам зүй, нийгэм-эдийн засаг, нийгэм-соёлын зарим шинжийг тодорхойлох
Хүүхдийн хөгжлийн бэрхшээлүүдийн үндсэн шинж, хэлбэр, шалтгааныг тодорхойлох
Сургуульд сурч байгаа болон сургууль завсардсан ҮЧХХ-д бүх шатанд боловсролын үйлчилгээ авахад тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох
ХБХ-ийг бүх шатанд боловсролын үйлчилгээ авахад учирч буй саад бэрхшээлийг даван туулах механизм, хэрэгцээний тухай ойлголтыг төрөл бүрээр өгөх
Бэрхшээл/сорилт (нийгэм, эдийн засаг, бодлого, дэд бүтцийн)-ыг багасгахад шаардлагатай дэмжлэг туслалцааг тодорхойлох
ҮЧХХ -дийн бүх шатанд боловсролын үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэхийн тулд шаардлагатай үйлчилгээ, арга хэмжээг тодорхойлох
ҮЧХХ-ийн боловсролын хэрэгцээг судлахдаа судалгааны баг зорилтот орон нутагт амьдарч буй 2-17 насны “үйлдлийн чадварын бэрхшээлтэй” буюу “хөгжлийн бэрхшээлтэй байх өндөр эрсдэлтэй” хүүхдүүдийг илрүүлэн (1-р шат) боловсролд хамрагдалтын нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг судалсан (2-р шат). Ингэхдээ судалгааны бэлтгэл шатанд хийгдсэн баримт бичгийн шинжилгээний үр дүнд үндэслэн олон улсад тэгш хамруулах боловсролыг дэмжих чиглэлээр ашиглагдаж буй хүний эрхийг дэмжсэн жишиг аргачлалуудыг тохируулга хийн ашигласан. Зорилтот өрхүүдийн нийгэм эдийн засаг, соёлын үзүүлэлтүүдийг тооцохдоо улсын хэмжээний томоохон түүвэр судалгаа болох Үндэсний статистикийн хорооны Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа 2018-ны үр дүнтэй харьцуулагдахуйц байдлаар ижил төстэй аргазүйг баримталж ажиллав.
Нэгдүгээр шатны илрүүлэх үнэлгээгээр нийт 5328 өрхөөр зочилж 2-17 насны 9555 хүүхдийн мэдээллийг амжилттай цуглуулсан. Нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтаас илэрсэн 865 (нийт нэгдүгээр шатны мэдээлэл цуглуулалтад хамрагдсан хүүхдийн 9.1 хувь) үйлдлийн чадварын бэрхшээлтэй хүүхдийн эцэг эхийг хоёрдугаар шатны мэдээлэл цуглуулалтад хамруулахыг зорьсон. Нийт илэрсэн түүврийн хэмжээнд хоёр дахь шатны хандалтыг гүйцэтгэж нийт түүврийн 78.1 хувиас мэдээлэл цуглуулалтыг гүйцэтгэсэн.
Нэмэлтээр соёлын цөөнх, алслагдмал орон нутгийн иргэд, малчин өрх зэрэг судалгаанд дуу хоолой нь бага тусах магадлалтай бүлгүүдийг тэгш хамруулах зорилгоор Баян-Өлгий, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Дорноговь, Дорнод аймгуудын 8 суманд 54 ганцаарчилсан ярилцлага хийж чанарын мэдээлэл цуглуулав.
Төслийн хүрээнд гүйцэтгэсэн ажлуудыг дэлгэрэнгүй дурдвал:
Судалгааны онолын хүрээг агуулсан эхлэлтийн тайланг боловсруулсан
Судалгааны 8 төрлийн хэрэглэгдэхүүнийг боловсруулсан
Туршилт судалгааг зохион байгуулж, хэрэглэгдэхүүнийг сайжруулсан
Талбарын судлаачдын гарын авлагыг боловсруулж, судлаачдыг сургаж бэлтгэсэн
Орон нутгийн засаг захиргааны байгууллагатай хамтран талбарын мэдээлэл цуглуулалтыг зохион байгуулсан.
Талбарын техникийн тайланг боловсруулсан
Цуглуулсан мэдээлэлд 3 үе шаттай чанарын хяналт хийж, мэдээлэл оруулалтыг гүйцэтгэсэн.
Датаг цэвэрлэж нэгтгэн боловсруулалтад бэлтгэсэн
Цугласан тоон болон чанарын мэдээлэлд шинжилгээ хийсэн.
Эцсийн тайланг боловсруулж, захиалагч талын саналын дагуу сайжруулалт хийж тайланг эцэслэсэн.
Судалгааны үр дүнг салбарын голлох оролцогч талуудад танилцуулж санал авсан.
Бүх бүтээгдэхүүнийг Англи, Монгол хэл дээр боловсруулсан.
Хүүхэд бүрийн сурч боловсрох хэрэгцээг хангах чиглэлээр дэлхийн нийтийн баримталж буй суурь хандлага нь тэгш хамруулах боловсролын зарчим билээ. Тэгш хамруулах боловсролын зарчмыг авч үзсэн олон янзын тайлбар, тодорхойлолт байдаг хэдий ч энэхүү судалгааны хүрээнд бид бүх хүүхэд тэр дундаа үйлдлийн чадварын хүндрэлтэй хүүхдүүд (ҮЧХХ) өөрийн тусгай хэрэгцээндээ нийцсэн дэмжлэг туслалцаатайгаар үе тэнгийнхэнтэйгээ хамт, адил тэгш суралцах боломжоор хангагдаж байх боловсролын үйл явцыг илүү тодорхойлохыг зорьсон.