ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ҮНЭЛГЭЭГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ

“Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээ”-г IRIM Судалгааны хүрээлэн  Хөдөлмөрийн судалгааны институтын захиалгаар 2013 оны 8 сарын 26-наас -11 сарын 01-ны хооронд хийж гүйцэтгэсэн.

Судалгааын зорилго нь хүн амын нягтрал, аж ахуй нэгжид ажиллагсдын тоо, ажлын байрны хэлбэр, эдийн засгийн үйл ажиллагааны үндсэн салбараар хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, бодлого боловсруулагчдад хандсан санал, зөвлөмж боловсруулахад чиглэсэн.

Судалгааны ажлын хүрээнд дараах зорилтууд дэвшүүлэн судалсан. Үүнд:

  1. Хөдөлмөрийн тухай хуулинд туссан ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг (ажлын нөхцөл, ажил, амралтын цаг, цалин хөлс, нийгмийн хангамж, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагаа) хэрхэн хангагдаж байгааг судлах
  2. Хөдөлмөрийн тухай хуулинд туссан ажил олгогчдын болон ажилтны  төлөөллийн байгууллагаар дамжуулан байгуулагдсан хамтын буюу тарифын гэрээ хэлэлцээр, түүний хэрэгжилтийн түвшинг тодорхойлох
  3. Ажлын байран дахь хөдөлмөрийн гэрээ, түүний хэрэгжилтийн түвшинг судлах

Судалгааг анкет, гүнзгийрүүлсэн ярилцлага гэсэн хоёр аргаар явуулсан. Монгол улсын хэмжээнд бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-ын жагсаалт буюу бизнес регистрийн сангийн 2012 оны жилийн эцсийн тайлан, 2013 оны 1 дүгээр улирлын Х тайланг хассан жагсаалтаас тогтоосон. Түүвэрт аж ахуйн нэгжийн эдийн засгийн үйл ажиллагааны салбар болон ажилтны тоог харгалзан сонгосон. Түүврийг аймаг, нийслэл; сум, дүүрэг; аж ахуй нэгж, судалгаанд оролцогч иргэн гэсэн 4 шатлалын дагуу сонгосон.   Аж ахуйн нэгжээс дараах томьёогоор түүврийн хэмжээг сонгосон. Энд, Z-стандарт хэвийн тархалтын утга (95 % итгэх түвшинтэй үед 1.96 байна), p=тухайн хувилбарын сонгогдох магадлал (эх олонлогийн стандарт хазайлт мэдэгдэхгүй үед түүврийн хэмжээг олохдоо бид хамгийн муугаар бодож 0.5 гэж авна), С - итгэх завсар, (0.045 буюу ±4,5%). Параметрүүдийг дээрх утгатайгаар тооцвол, хангалттай түүврийн хэмжээ 470 байх ба нарийвчлалыг сайжруулах үүднээс бид 504 аж ахуйн нэгжийг түүвэрт сонгосон.

Тус судалгаанд Улаанбаатар хотын 9 дүүрэг, 6 аймгийн 14 сумын нийт 500 аж ахуй нэгж байгууллага, 1000 ажилтан, 70 туслах малчин, 14 төлөөллийн байгууллагын оролцогчдыг хамруулсан. Нийт судалгаанд хамрагдсан байгууллагын 56,3 хувийг Улаанбаатараас, 43,7 хувийг бусад орон нутгаас, бизнес регистрийн сангийн бүртгэлд үндэслэн санамсаргүй сонгосон.

Судалгааны нэгдсэн тайланд ажил олгогч, ажилтан, төлөөллийн байгууллага, гэрээт малчин гэсэн дөрвөн бүлгийн хөдөлмөрийн хуулийн хэрэгжилтийн талаарх байр суурийг тусгасан. Судалгааны тайлан 10 бүлэг, 20 зүйлээс бүрдэнэ. Судалгааны тайлан нь хууль хэрэгжилтийн өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлж үнэлэхийн зэрэгцээ гүнзгийрүүлсэн шинжилгээнд үндэслэн дүгнэлт хийж, хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад тусгах санал зөвлөмжийг боловсруулсан.

 

“Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн үнэлгээ”-г IRIM Судалгааны хүрээлэн  Хөдөлмөрийн судалгааны институтын захиалгаар 2013 оны 8 сарын 26-наас -11 сарын 01-ны хооронд хийж гүйцэтгэсэн. Судалгааын зорилго нь хүн амын нягтрал, аж ахуй нэгжид ажиллагсдын тоо, ажлын байрны хэлбэр, эдийн засгийн үйл ажиллагааны үндсэн салбараар хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилтийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, бодлого боловсруулагчдад хандсан санал, зөвлөмж боловсруулахад чиглэсэн.