IRIM судалгааны хүрээлэн нь Хууль зүй дотоод хэргийн яам болон Азийн хөгжлийн банк хамтран 2019-2022 оны хооронд хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний гэр бүлийн хүчирхийллийн чанарын судалгаа”-г 2020 оны 7 сараас эхлэн 2020 оны 12 дугаар сар хүртэлх хугацаанд гүйцэтгэлээ.
Судалгаагаар бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтлэг өртөж буй гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр, түвшин, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүчирхийлэлд өртөж буй байдлаа ухамсарлан ойлгох, бусдад мэдээлэх, тусламж үйлчилгээ эрэлхийлэх ойлголт, зан үйлийг тодорхойлж, судалгааны үр дүнд үндэслэсэн дүгнэлт зөвлөмжийг боловсруулаад байна.
Судалгааны мэдээлэл цуглуулалтыг төслийн зорилтот 5 байршил болох Увс, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг болон Улаанбаатар хотын Налайх, Сонгинохайрхан дүүргийн 150 хөгжлийн бэрхшээлтэй хүн (хараа,сонсгол, хэл яриа, тулгуур эрхтэн, оюун, сэтгэц болон бусад), тэдний асран хамгаалагч болон гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх чиглэлээр ажилладаг төрийн албан хаагч нараас цуглуулсан чанарын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, тайланг боловсрууллаа.
Гэр бүлийн хүчирхийллийн сэдэв нь өөрөө хувь хүний эмзэг, сөрөг туршлагыг хөнддөг тул багийн зүгээс судалгааны үр дагавартай холбоотой асуудлыг хамгийн бага түвшинд байлгахыг чухалчлан ярилцлагын таатай орчныг бүрдүүлэх, зөв техникүүдийг ашиглах, үүнд судлаачдыг бэлтгэх, ярилцлагын төгсгөлд судалгаанд оролцогчдыг сэтгэлзүйн хувьд сэргээх дасгал, техникүүдийг авч хэрэгжүүлэх зэрэг нэмэлт зохион байгуулалтын ажлуудыг авч хэрэгжүүлснээрээ бусад судалгааны ажлуудтай харьцуулахад онцлог байлаа.
Тус судалгааг гүйцэтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан АХБ-ны төсөл хэрэгжүүлэх нэгж, ХЗДХЯ-ны дэргэдэх Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн ажлын алба, орон нутгийн салбар зөвлөлүүд болон Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтэс болон Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын хамт олонд талархсанаа илэрхийлье.
Мөн өөрийн амьдралын туршлага, үзэл бодлоо нээлттэй хуваалцсан нийт судалгаанд оролцогчдод судалгааны багийн зүгээс гүн талархлаа илэрхийлж байна.
Судалгаатай холбоотой асуудлаар төслийн зохицуулагч Г. Жаргалмаатай (jargalmaa@irim.mn) холбогдох боломжтой.
#ЧанарынСудалгаа #ГэрБүлийнХүчирхийлэл #ХөгжлийнБэрхшээлтэйХүн
";}