a:3:{s:10:"short_desc";s:1647:"IRIM судалгааны хүрээлэн нь өнгөрсөн 13 жилийн хугацаанд хараат бус, Монголын туршлагад тулгуурласан судалгаа, зөвлөх үйлчилгээг тасралтгүй үзүүлэн, салбараа манлайлан ажиллаж байна. Бид төрийн бодлого, үйл ажиллагаанд мониторинг, үнэлгээ хийдэг туршлагатай ба өнгөрсөн 9 жилийн турш нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдлын үнэлгээг хийж ирсэн. Энэхүү үнэлгээ нь 2011 онд батлагдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль (МИТББМАЭТХ)-д түшиглэсэн арга зүйгээр хийгддэг. Тус хуулийг “Нийтийн мэдээллийн тухай хууль” (НМТХ) болгож өөрчлөхөөр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2021 оны УИХ-ын намрын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа энэ үед хуулийн төслийн ирээдүйд гарч болзошгүй үр дагаварын талаар хуулийн төслийн олон нийтэд нээлттэй, анхны өргөн баригдсан хувилбарт өөрсдийн туршлагад үндэслэн байр сууриа илэрхийлж байна.";s:5:"image";s:25:"Web news cover-01 (1).jpg";s:4:"desc";s:13070:"
IRIM судалгааны хүрээлэн: Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх байр суурь
IRIM судалгааны хүрээлэн нь өнгөрсөн 13 жилийн хугацаанд хараат бус, Монголын туршлагад тулгуурласан судалгаа, зөвлөх үйлчилгээг тасралтгүй үзүүлэн, салбараа манлайлан ажиллаж байна. Бид төрийн бодлого, үйл ажиллагаанд мониторинг, үнэлгээ хийдэг туршлагатай ба өнгөрсөн 9 жилийн турш нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдлын үнэлгээг хийж ирсэн. Энэхүү үнэлгээ нь 2011 онд батлагдсан Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль (МИТББМАЭТХ)-д түшиглэсэн арга зүйгээр хийгддэг.
Тус хуулийг “Нийтийн мэдээллийн тухай хууль” (НМТХ) болгож өөрчлөхөөр хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2021 оны УИХ-ын намрын нэгдсэн чуулганаар хэлэлцэж байгаа энэ үед хуулийн төслийн ирээдүйд гарч болзошгүй үр дагаварын талаар хуулийн төслийн олон нийтэд нээлттэй, анхны өргөн баригдсан хувилбарт өөрсдийн туршлагад үндэслэн байр сууриа илэрхийлж байна.
Нийтийн мэдээллийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь одоогийн мөрдөгдөж байгаа хуулиас агуулгын хувьд өргөн хүрээтэй, цахим технологийн хөгжилтэй нийцүүлсэн хууль болж байгаа ч энэ хэрээрээ ойлгомжгүй, тодорхой бус байгаа нь хэрэгжилтийг хангахад хүндрэл учрах эрсдэлтэй байна. “Нийтийн мэдээллийн тухай хууль”-ийн зорилго нь иргэний мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангах, нийтийн мэдээллийн дэд бүтцийг бий болгох замаар төрийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр явуулах, нээлттэй, ил тод, шуурхай байлгах, төрийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтыг бий болгох гэж томьёолсон. Энэ зорилгыг хангахад дараах асуудлуудыг харгалзан үзэх шаардлагатай байна. Үүнд:
Нэг. Одоогийн мөрдөгдөж буй МИТББМАЭТХ -д иргэд мэдээллийг хаанаас авах, ямар мэдээллүүд авахыг тодорхой тусгасан байдаг ч иргэдийн мэдээлэл авах эрхийг нэмэгдүүлэхийн тулд мэдээллийг нээлттэй байлгах, мэдээллийг авах эргэх холбоог сайжруулах шаардлага байсаар байгаа. Гэтэл эдгээр сайжруулах шаардлагатай зүйлс хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдаагүй хэвээр байгаа нь иргэдийн мэдээлэл авах эрхийг хангах зорилготой хамгийн чухалд хуульд саад учруулсан хэвээр байна. Тухайлбал:
- Иргэдийн мэдээлэл олж авах үйл явцыг хялбаршуулах зорилгоор төрийн байгууллагын цахим платформ иргэдтэй харилцах сонголтот арга хэрэгслүүдтэй байхыг шаардлага болгож оруулах. Үүнд: Цахимаар өргөдөл, гомдол гаргах, чатбот, цахим хуудасны мэдээлэлд сэтгэгдэл бичих хэсэгтэй байх гэх мэт.
- Хуулийн шинэчилсэн найруулгын төслийн 9.3 болон 9.6-д мэдээллийн эзний зөвшөөрөлтэйгөөр мэдээлэлтэй танилцах боломжтой гэсэн нь энэ хуулийн үйлчлэх хүрээг хязгаарлах нөхцөлийг бүрдүүлж байна. Зөвхөн энэ зүйл заалтуудад үндэслэн мэдээлэл ил тод болохгүй байх, мэдээлэл авах эрхийг хязгаарлах үндэслэл болж байгаа нь өмнөх хуулиас дордуулсан зүйл заалтын нэг том жишээ юм.
- Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хуулийн хэрэгжилтийг хангах, хэрэгжилтэд хяналт тавих субъект болон үнэлэх, дүгнэх үйл явц өмнөх хуультай харьцуулахад тодорхойгүй хэвээр үлдсэн нь мөн хуулийн хэрэгжилтийн хангах асуудлыг тодорхойгүй болгож байна. Тухайлбал, одоогийн хэрэгжиж буй МИТББМАЭТХ-н 24-р зүйлд заасан хэрэгжүүлэх механизмтай харьцуулахад энэ харилцаа тодорхойгүй байна. Иргэд, хуулийн этгээд мэдээлэл авах, шаардах эргэх холбоо бүхий үйл явцыг хангалттай тусгаагүйгээс хуулийг практикт хэрэгжүүлэхэд хяналтын тогтолцоо суларч, шахалт буурснаар мэдээлэл хариуцагч мэдээлэл оруулаагүйтэй холбоотой үүссэн хариуцлагыг тухай бүрд хүлээх боломжгүй болох эрсдэл үүсэхээр байна.
- Нээлттэй болгож буй мэдээллийн төрөл нэмэгдэж байгаа ч мэдээлэл хариуцагчийн ажлын орон тоо, чиг үүрэг тодорхойгүй хэвээр байна. Ихэнх төрийн байгууллагад байгууллагын ил тод байдлыг хариуцсан ажилтны тодорхой орон тоо байхгүй, өөр өөр албан тушаалтай хавсран гүйцэтгэх байдал нийтлэг байна. Хуулийн төсөлд тусгасан мэдээллийн төрөл нэмэгдсэнээр мэдээлэл хариуцагчийн ажил үүрэг нэмэгдэх магадлалтай. Гэвч мэдээлэл хариуцагчийн статусын тодорхойгүй байдал нь энэ хуулийн хэрэгжилтийг бүрэн хэмжээнд хангахгүй байх эрсдэлтэй.
Хоёр. Одоогийн мөрдөгдөж буй МИТББМАЭТХ нь мэдээллийг албан ёсны цахим хуудас болон мэдээллийн самбараар авахыг тодорхой заасан байдаг. Харин хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь өнөөгийн цахим шилжилтийн өөрчлөлттэй нийцүүлэн мэдээллийг иргэд, хуулийн этгээдэд цахим мэдээллийн системээр нээлттэй хүргэнэ гэж өргөн хүрээтэйгээр тодорхойлсон. Энэхүү хэт өргөн хүрээтэйгээр тодорхойлсон байдал хууль тодорхой, иргэдэд ойлгомжтой байх гэсэн зарчмыг хангахгүй байна гэж үзэж байна. Тухайлбал:
- Хуулийн гол нэр томьёонуудын тодорхойгүй нэршил, тэдгээрийн ялгаа заагийг гаргах. Жишээлбэл, мэдээллийн систем болон мэдээллийн дэд бүтэц гэх нэршлүүд хэд хэдэн төрлөөр хуульд хэрэглэгдэж байгаа нь хууль хэрэглэгчдэд ойлгомжгүй, төөрөгдүүлсэн байдлыг үүсгэж байна. Тодруулбал, мэдээллийн үндсэн систем гэдэг нь тусдаа үүсэж буй платформ уу эсвэл тухайн байгууллагын цахим хуудас уу гэдэг нь ойлгомжгүй, мэдээллийн дэд бүтцийг тайлбарлахдаа мэдээллийн систем болон мэдээллийн сүлжээ зэрэг ойлголтуудаа хольсон зэрэг хаанаас ямар мэдээлэл авах, бүтэц, логик дэс дарааллыг ойлгомжгүй байдлаар тайлбарласан нь уг хуулийг гол хэрэглэгч болох иргэдэд мэдээлэл авах эрхээ хангахад бэрхшээл учруулж байна.
- Хуулийн төслийн 38-р зүйл дэх “нийтийн мэдээллийн системийг ашиглан үйлчилгээ үзүүлж байгаа хуулийн этгээд” гэдэгт мэдээлэл хариуцагч эсхүл мэдээллийн технологийн үйлчилгээ үзүүлэгч аж ахуй нэгж эсхүл тухайлсан аль байгууллагыг нэрлэж байгааг нарийвчлан тодорхойлж оруулаагүй байна. Энэ нь хуучин хуулиас шинэ хууль руу шилжих шилжилтийн үеийн зохицуулалтад ямар хуулийн этгээд, субъектийг хамааруулж үзэх нь тодорхойгүй болгож байна.
Дүгнэлт. Одоогийн хэлэлцүүлэгдэж буй Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь иргэн, хуулийн этгээд мэдээлэл авах эрхээ хангаж байгаа тулгуур хууль. Хууль иргэдэд ойлгомжтой байх зарчмын хүрээнд дээр дурдсан саналуудыг тусгаагүйгээс иргэн, аж ахуй нэгжүүд ямар мэдээллийг хаанаас олж авах нь тодорхойгүй байх; хуульд заасан нэр томьёонуудыг ашиглан ялгаатай тайлбарлал хийж, үндсэн зорилгоос бусад зорилгоор ашиглах; хүлээн зөвшөөрч буй хэлбэрийн тодорхойгүй байдлаас үүдэн албан тушаалтнууд өөрсдийн үзэмжээр харилцах хэлбэрээ сонгох; хариуцах эзэнгүй хугацаа алдах; хуучин үйл ажиллагаа арга хэлбэрээс шинэ нөхцөлд ямар шат дарааллын дагуу шилжих нь тодорхойгүй болох зэрэг эрсдэлүүд гарч болзошгүй байна.
Иймд, хэрэв хуулийн шинэчилсэн найруулгын төсөл энэ хэвээр батлагдвал түүнийг даган гарах журам, зааварчилгаа, тэдгээрийн хэрэгжилтийг тодорхой, ойлгомжтой боловсруулж, мөрдүүлэхэд онцгой хүчин чармайлт гаргах шаардлагатайг үүгээр илэрхийлж байна.
2021 оны 11 сарын 24
Хуулийн төсөлтэй дараах линкээр орж танилцах боломжтой: Нийтийн мэдээллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд | Parliament
";}