ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН ЦАХИМ ИЛ ТОД БАЙДЛЫН ҮНЭЛГЭЭ ЭХЭЛЛЭЭ
IRIM судалгааны хүрээлэнгээс 10 дэх жилдээ байгууллагын нийгмийн хариуцлагын хүрээнд уламжлал болгон хийдэг "Төрийн байгууллагуудын цахим ил тод байдлын индекс-2021" судалгааны ажил эхэлж байна.
Уг судалгааны зорилго нь иргэд, олон нийтэд төрийн үйл ажиллагааны ил тод, нээлттэй байгаа эсэх, иргэн, хуулийн этгээдийн хуулиар зөвшөөрөгдсөн мэдээлэл хайх, хүлээн авах эрх хангагдах боломж бүрдсэн эсэхийг үнэлэх, үр дүнд үндэслэн төрийн байгууллагуудын цахим ил тод байдлыг сайжруулахад санал зөвлөмж боловсруулах зорилготой юм. Үнэлгээг "Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль" болон "Шилэн дансны тухай хууль"-д заасан зайлшгүй нээлттэй, ил тод байх шаардлагатай төрийн мэдээллүүд байршсан эсэхийг үнэлдэг. Энэ жилийн хувьд нийт 87 төрийн байгууллагын албан ёсны цахим хуудсыг хамруулахаар төлөвлөж байна.
Нэмэлтээр, мэдээлэл авах эрхийг хангах шинэчилсэн хуулийн төсөл болох “Нийтийн мэдээллийн тухай хууль” хэлэлцэгдэн батлагдах гэж байгаатай холбогдуулан уг хуулийн хэрэгжилтийг хангахад бэлэн байгаа эсэхийг тодруулахаар зорьж буйгаараа онцлог юм. Цаашид хууль шинэчлэгдэн батлагдсан ч бид засаглалын ил тод байдлыг сайжруулахад өөрсдийн хийж чадах үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн хэрэгжүүлсээр байх болно.
Монгол Улсын засаглалыг ил тод байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн эрхийг хангахад хувь нэмрээ оруулан ажиллаж буй төрийн байгууллагууд та бүхэн энэхүү үнэлгээний ажлыг дэмжин санал асуулгад идэвхтэй оролцохыг уриалж байна. Манай байгууллагын зүгээс та бүхэнд өнгөрсөн 10 жилийн судалгааны үр дүн, өөрчлөлт, чиг хандлагын тухай илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгч, хамтран ажиллахдаа таатай байх болно.
";}