IRIM судалгааны хүрээлэн анх 2010 онд Авлигатай Тэмцэх Газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн санаачилгаар ”Төрийн байгууллагын цахим ил тод байдал”-д мониторинг хийж эхэлсэн бөгөөд түүнээс хойш өдгөө 10 дах жилдээ нийгмийн хариуцлагын хүрээнд бие даан амжилттай гүйцэтгэж байна. Энэхүү үнэлгээний зорилго нь төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрх хангагдах боломж бүрдсэн эсэхийг үнэлэх, үнэлгээний үр дүнд үндэслэн төрийн байгууллагуудын цахим ил тод байдлыг сайжруулахад санал зөвлөмж боловсруулах юм.
2010 оноос хойш 10 дахь удаагаа хийж ирсэн “Төрийн байгууллагын цахим хуудасны ил тод байдал”-ын үнэлгээг 2019 онд олон улсын түвшний индекс болгон хэмжих боломжтой аргазүйгээр шинэчлэн нэг түвшин ахиулсан билээ. Гэвч COVID-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас цахим нээлттэй байдлын бүрэлдэхүүн хэсгийг (хуучнаар цахим хуудасны ил тод байдал) хэмжиж, үр дүнгээ тооцсон. Харин энэхүү 2021 оны үр дүн нь 2019 онд боловсруулсан “Цахим ил тод байдлын индекс”-ийг тооцох аргазүйгээр судалсан хоёр дахь удаагийн тайлан юм.
Төрийн байгууллагын цахим ил тод байдлын индекс-2021 мониторингд орон нутгийн болон улсын төсвөөс санхүүждэг зургаан төрлийн 88 байгууллагуудын үр дүнд үндэслэн тооцсон. Ингэхдээ (i) цахим ил тод байдлыг хангах хууль эрхзүйн орчин бүрдсэн эсэх, (ii) мэдээллийг түгээх, ил тод болгох байгууллагын чадамж, (iii) цахим нээлттэй байдал гэсэн 3 бүлэг үзүүлэлтээр “цахим ил тод байдлын индекс”-ийг тооцов.
Үнэлгээний мэдээлэл, датаг 2021 оны 12-р сарын байдлаар байршсан мэдээлэлд үндэслэн цуглуулсан. Цахим ил тод байдлын индексийг 0-1 хүртэл оноогоор хэмждэг.
Гол үр дүнгээс дурдвал Улсын хэмжээнд цахим ил тод байдлын индекс 0.602 буюу “СУЛ” түвшинд үнэлэгдлээ. Уг үр дүнг 2019 онтой харьцуулахад (0.612) өөрчлөлтгүй хэвээр байна. Тухайлбал, хуульд заасан мэдээллээ бүрэн, хангалттай хэмжээнд оруулаагүй байгууллага нийт байгууллагын 71 хувийг эзэлж байхад дөнгөж 29 хувь нь л хуулийн дагуу мэдээллээ хангалттай, сайн оруулж байна. Энэ нь хуульд заасан, зайлшгүй ил тод, нээлттэй байх ёстой төрийн мэдээллийг иргэд хүртээмжтэйгээр авах орчин, нөхцөл хангалттай бүрдээгүй хэвээр байгааг харуулж байна.
Үзүүлэлтүүдээр нь харьцуулан үзвэл улсын хэмжээнд хууль эрх зүйн орчны индекс 0.631 буюу 2019 оноос 0.026 оноогоор буурсан, байгууллагын чадамжийн индекс 0.627 буюу 2019 оноос 0.034 оноогоор буурсан, цахим нээлттэй байдлын индекс 0.549 буюу 2019 оноос 0.031 оноогоор өссөн үзүүлэлттэй байна.
Төрийн байгууллагын цахим ил тод байдлын түвшнээр Өвөрхангай аймгийн ЗДТГ (0.766), Хан-Уул дүүргийн ЗДТГ (0.747), Сангийн яам (0.724) тэргүүллээ.
Үнэлгээний дэлгэрэнгүй үр дүн болон санал зөвлөмжийг www.irim.mn/web-monitoring линкээр орж, Монгол хэлийг сонгож танилцана уу.
";}