COVID-19 цар тахлын дэгдэлттэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн Газраас “Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай” тусгайлсан хуулийг батлан хэрэгжүүлсэн.
Цар тахлын хугацаанд тус хуульд нийт 8 удаа, Гамшгаас хамгаалах тухай хуульд 9 удаа, “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт” шилжих засгийн газрын тогтоолд нийт 10 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан байдаг. Цар тахлын үед авч хэрэгжүүлсэн эдгээр бүхий л бодлого, тогтоол, шийдвэрүүд нь иргэний нийгмийн орон зайд хэрхэн нөлөөлснийг тодруулж цаашид аливаа цочрол, гамшгийн үе дэх төрийн шийдвэрийн иргэний орон зайд үзүүлэх үр дагаврыг тооцох, хамгаалах чиглэлд бодлогын зөвлөмж боловсруулах зорилготой судалгааг Монголын ууган судалгааны байгууллагуудын нэг болох IRIM Судалгааны хүрээлэн хийжээ.
Уг судалгааг IRIM судалгааны хүрээлэн Ашгийн Төлөө Бус Олон Улсын Төв (ICNL)-ийн дэмжлэгтэйгээр хийсэн бөгөөд судалгааны үр дүнгээ 2022 оны 12 сарын 7-ны өдөр төрийн болон ТББ-ын төлөөлөл, сонирхогч талуудад танилцууллаа.
Судалгааны үр дүнгээр Монгол Улсын засгийн газраас цар тахлын эсрэг хариу арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн боловч засаглалын арга барил хангалтгүй байснаас хүний эрхийн зөрчил, иргэний эрх, иргэний орон зай, иргэний нийгмийн төлөв байдалд нөлөөлсөн гэж дүгнэсэн байна. Үүнд нөлөөлсөн гол шалтгаанууд нь хүн амын дунд халдвар тархах хүртэл урьдчилан сэргийлэх, бэлтгэх хугацаа хангалттай байсан ч ул суурьтай, судалгаатай арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж, зохих бэлтгэлийг хангаж чадаагүй, гаргасан шийдвэрээс буцах, олон удаа өөрчлөх байдлаас шалтгаалсан хүний эрхийн зөрчил, ялгаварлах асуудлууд гарсан. COVID-19-ээс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсан нь сайн туршлага болсон хэдий ч цаашдын бодлого, эрх зүйн актууд нь хүний эрхийг хамгаалах зарчмуудад нийцүүлсэн байдлыг хангалтгүй гэж үзжээ.
Мөн судалгааны зарим сонирхолтой үр дүнг онцолбол:
Дүгнэвээс цар тахлын үеийн засаглал нь хууль дээдлэх үндсэн зарчмуудыг үл тоомсорлосон, хязгаарлагдмал, шүүмжлэлт үзэл, үндсэн эрх чөлөөг зөрчихөд цагдаа болон бусад хууль сахиулах байгууллагыг хэтрүүлэн ашигласнаас Монгол Улсын засаглалыг захиргаадагч, дарангуйлагч шинжтэй шийдвэрүүд авч хэрэгжүүлсэн байна.
Судалгааны үр дүнд үндэслэн цаашид энэ төрлийн онцгой байдлын үед засгийн газар юуг анхаарах ёстой талаар бодлогын зөвлөмж боловсруулаад байна. Ялангуяа гамшгийн үед шийдвэр гаргахад судалгаа, тооцоолол дээр үндэслэсэн төлөвлөгөө боловсруулж, уялдаа холбоог нягтлах, хэрэгжилтийн хяналтыг сайжруулахад анхаарах шаардлагатайг судалгааны баг онцолж байв.
Танилцуулгын үеэрх зургуудаас: