‘УУЛЗАЛТЫГ ХЭН МЭДЭЭЛЭЛТЭЙ НЬ УДИРДДАГ.
IRIM судалгааны хүрээлэн нь 2010-2011 оны үед 12-13 ажилтантай, байгууллагын танилцуулга, лого, байгууллагын туршлага зэрэг нь тодорхой хэмжээнд бэлтгэгдчихсэн байсан. Тухайн үед Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа байгууллагын гадаад харилцаанд илүү анхаарч, мэргэжлийн гэж нэрлэгдэх байр сууринд аваачихыг хүссэн. Тиймдээ ч Олон Улсын Социологичдын Холбоонд албан ёсны гишүүнчлэлтэй болсон, Australian Volunteers хөтөлбөрт хамрагдаж эхэлсэн, нийгмийн хариуцлагын талаарх ойлголтыг Монголын хөрсөнд нутагшуулах, хөрвүүлэх төсөл болон төрийн байгууллагын цахим ил тод байдлын индекс хийж эхэлсэн зэрэг ач холбогдолтой олон ажлын эхлэл тавигдаж байжээ. Институтийн хувьд том төслүүд рүү (Мянганы сорилтын сан, Азийн хөгжлийн банк) өөрсдийгөө сорьж үзэх зорилготойгоор байгууллагаа бэлдэх дээр нэлээдгүй анхаарч ажилласан. Учир нь урт хугацаанд хэрэгжих төслүүд нь олон төрлийн туршлага, сургамжийг олж авах боломжийг бүрдүүлж өгсөн гэж боддог. Олон төсөл зэрэг хэрэгжих үед бүх төслийн мэдээллийг төдийлөн сайн мэдэхгүй байх тохиолдол байдаг. Тэр үед Болд багшийн “Мэдээлэлтэй хүн уулзалтыг удирддаг” гэж хэлсэн үгийг одоо ч гэсэн уулзалтад орохдоо санадаг. Эргээд бодоход Болд, Тамир хоёр багш маань юу хийхийг заадаггүй ч гэсэн одоогийн хэлдгээр миний хувьд сайн ментор байсан санагддаг.
Онцлууштай зүйл нь IRIM-ийн “мэргэжлийн байх” зарчим нь эхлэлээсээ надад таалагддаг байсан. Энэ зарчмыг ямар ч цаг үед алддаггүй. Тухайн үед иргэний нийгмийн байгууллагууд одоогийнхтой харьцуулахад хангалттай мэргэжлийн байгаагүй. IRIM энэ орон зайд дата, нотолгоо, баримтад суурилан бодлогын нөлөөлөл хийх боломжтойгоор шинэ өнгө нэмж чадсан. Хараат бус судалгааны хүрээлэн (Independent Research Institute of Mongolia) гэх нэрийг сонсох үед хараат бус байдлыг олж хардаг байгаасай гэж хүссэн. Энэ мэргэжлийн бөгөөд нотолгоонд суурилсан, хараат бус байгаа байдлаа одоог хүртэл хэвээр хадгалж байгаа нь их бахархууштай. Хамтарч ажиллаж буй байгууллагууд ч чанартай судалгаа хийдэг, хийнэ гэсэн хүлээлттэй байдаг. Энэ үнэт зүйлийг би өвөлж авсан, өвлүүлж өгсөн. Үүнийг брэнд болгохыг ажиллаж байх хугацаандаа зорьж байсан.