‘ЯМАР Ч ЖИЖИГ АЖИЛ БАЙСАН ТУХАЙН АЖИЛД БҮРЭН ЧАДАВХАА ДАЙЧИЛЖ, ХИЙЖ БУЙ АЖЛЫНХАА УТГА УЧРЫГ САНАЖ БАЙХ СОЁЛЫГ БИЙ БОЛГОХЫГ ЗОРЬСОН.
Анх 2009 оноос эхлэн өнөөг хүртэл IRIM судалгааны хүрээлэнд ажиллаж байна. 2012 оны 11 сараас эхлэн нийт 5 жилийн хугацаанд гүйцэтгэх захирлаар ажилласан. Анх гүйцэтгэх захирлын албыг авахад байгууллага ерөнхийдөө жижиг, хүний нөөцийн хувьд үндсэн 6 ажилтан бусад нь гэрээт ажилтнууд байсан. Салбартаа тодорхой хэмжээнд танигдсан, голдуу монгол хэл дээр, богино хугацааны судалгааны ажлууд хийдэг байв. Гэсэн хэдий ч засаглалын хувьд дараагийн шатанд хүрэх бэлтгэл хангагдсан байсан.
Миний хувьд байгууллагыг тогтвортой хөгжүүлэхэд 3 зүйл дээр илүү төвлөрч ажилласан.
Чанар: IRIM-д чанарын хяналтыг тогтолцоог бий болгосон. Энэ нь эхний үед үндсэн үйл ажиллагаа болох мэдээлэл цуглуулалт, шинжилгээний чанарын хяналтыг сайжруулахаас эхэлсэн. Мөн судалгааг зах зээлд эзлэх байр суурь гэж хардаггүй байсан тул судалгаа яагаад чухал вэ гэдгийг олонд таниулах, үндсэн голлох сэдвүүдээрээ мэргэшсэн байгууллага болохыг зорьсон. Судалгаа, үнэлгээ нь нийгмийн тулгамдсан, эрэлт хэрэгцээтэй асуудлыг хөнддөг, үр дүнд суурилж томоохон төсөл хөтөлбөрүүд ажлаа төлөвлөдөг учир хэрэгжүүлсэн төсөл бүр маш хариуцлагатай, чанартай байх ёстой. Тиймээс ямар ч жижиг ажил байсан тухайн ажилд бүрэн чадавхаа дайчилж ажиллах ёстой гэх, хийж буй ажлынхаа утга учрыг санаж байх соёлыг бий болгохыг зорьсон.
Гадаад харилцаа: Бидний үндсэн зорилго хөгжлийн талаарх мэдлэгийн төв болох байсан учраас олон улсын мэргэжлийн холбоодод нэгдэх, олон улсын байгууллагууд, дотоодын ИНБ, төрийн олон төрлийн байгууллагатай хамтрах, салбарын чадварлаг зөвлөх, мэргэжилтнүүдтэй ажиллахад анхаарлаа төвлөрүүлсэн.
Дотоод засаглалыг бэхжүүлэх: Жижиг байгууллагаас дунд хэмжээний байгууллага болж өргөжсөн тул байгууллагын бүхий л тал болох хүний нөөц, санхүү, үйл ажиллагаа, чанарын хяналт, төсөл хөгжүүлэлт, ХАБЭА зэргийг бэхжүүлэх, шинэчлэх ажлыг ТУЗ-тэй хамтарч хийсэн. Хараат бус байхын нэг суурь нь санхүүгийн хувьд бэхжих явдал байдаг тул тодорхой хэмжээнд бэхжүүлэхэд анхаарч, мөн чанарын удирдлагын тогтолцоо буюу ISO9001:2015 стандартыг нэвтрүүлэх ажлыг эхлүүлсэн.
Бидний үнэл зүйл болох хараат бус байх зарчмыг хангахын тулд өөрсдийн тогтсон хоёр ч судалгааг хийдэг. Үүнд жил бүр хийдэг Төрийн байгууллагын цахим ил тод байдлын индексээс гадна Монголын нийгмийн сайн сайхан байдлын судалгааг мөн эхлүүлж байв.
Нийгмийн болоод хөгжлийн судалгаагаар дагнасан, аль нэг улс төрийн нам, байгууллагаас хараат бус, дотоод засаглал, ардчилал сайтай гэдгээрээ бусад судалгааны байгууллагаас онцлогтой гэж боддог. Сонирхолтой нэг мэдээлэл дурдахад 2015 онд хийгдсэн Монгол дахь судалгааны төрийн болон төрийн бус судалгааны байгууллагуудыг олон төрлийн индикаторуудаар хэмжсэн хөндлөнгийн үнэлгээгээр IRIM хамгийн өндөр үнэлгээтэй буюу нэгт жагссан байдаг.
Сүүлийн үед Монгол дахь ардчиллын нөхцөл байдал дордож, иргэдийн дуу хоолой, байр суурийг сонсох, бодлого шийдвэрт тусгах байдал буурч байна. Ийм нөхцөлд манай байгууллага иргэдийн дуу хоолойг судалгаагаар дамжуулан нийтэд хүргэх, хөндлөнгийн үнэлгээ хийх ажлаа үргэлжлүүлэн идэвхтэй хийсээр байна.