‘ҮР НӨЛӨӨ ГЭДЭГ БОЛ БИДНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ.
2015-2017 онуудад IRIM-ийн үйл ажиллагаа, үзүүлж буй үйлчилгээ, хүний нөөцийн хувьд тогтворжиж, зөвлөх болон гэрээт судлаачдын мэргэжилтний нөөц ихээхэн өргөжиж тэлсэн. Үүнийг дагаад тодорхой институтчиллийг бэхжүүлэх, дүрэм журам, стандарт, чанарын шаардлага зэргийг ахисан түвшинд нэвтрүүлэх шаардлагатай болсон. 2016 оноос ISO стандарт нэвтрүүлэхтэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэх стандарт, бодлого нь эрчимтэй боловсруулагдаж институтийн түвшинд хөгжиж, төлөвшиж эхэлсэн жилүүд юм. Мөн тодорхой хэмжээнд ОУ-ын зарлагдсан төслүүдэд бие дааж болон хамтран оролцох нь нэмэгдсэн гэх мэт олон динамик өөрчлөлтүүд гарч эхэлсэн. 2018-2019 онд захирлаар ажиллаж байх хугацаанд эдгээр шилжилтүүдийг цааш нь үргэлжлүүлэх бэхжүүлэх шаардлага зайлшгүй тулгарсан ч нөгөөтээгүүр 2017-2018 онууд зах зээлийн хувьд хямралтай жилүүд байсан. Тэр утгаараа өргөжин тэлж буй үйл ажиллагаагаа хадгалж үлдэх, үүнийг үргэлжлүүлэх, төлөвшүүлэн бэхжүүлэх нь гол даалгавар байсан.
Стратегиа тав таван жилээр төлөвлөж явдаг байгууллагын хувьд зорилт, чиглэл, хүрэх үр дүнгүүд харьцангуй тодорхой учраас нөөц бололцоогоо төлөвлөн ажиллахад үр дүнтэй байсан. Бид урт хугацаандаа дотоодын зах зээлд буюу үйл ажиллагаа явуулж буй салбартаа тэргүүлэгч болох, IRIM-ийг ОУ-ын түвшинд үйл ажиллагаа явуулдаг болох, Монгол мэргэжилтнүүдийг ОУ-ийн түвшинд гаргах зорилт, мөрөөдлийг дотооддоо ярилцаж үүнийгээ стратеги дээрээ алхам алхмаар тусаад явдаг. Монгол мэргэжилтнүүдийг ОУ-д гарах гүүр нь болох зорилтыг хангахын тулд нэн тэргүүнд боловсон хүчний туршлага, мэдлэг, чадварыг сайжруулах олон улсын туршлага мэдлэгтэй болгох, хувь хүний түвшинд карьерын өсөлтөө хол түвшинд харж чаддаг байх нь эргээд IRIM болон мэргэжилтнүүдийн хувьд хамтын ажиллагааны гол итгэлцэл бат суурь нь зорилготойгоор ажиллаж байсан.
Гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаанд гадаад харилцаа хамтын ажиллагаа өргөжсөн. Зүүн Ази, Зүүн Өмнөд, Төв Азийн орнуудын байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллагууд, тинк танк, судалгааны хүрээлэнгүүд олон төрлийн байгууллагуудтай хамтарч эхэлсэн. Тэр ч утгаараа чамлахааргүй тооны хүмүүсээ сургалтад суулгах, мэргэжилтнүүдээ олон улсын туршлагаас суралцах боломжуудыг нээж чадсан гэж боддог. Багагүй тооны хүмүүс маань сургалт, хэлэлцүүлэг олон улсын арга хэмжээнд оролцож байсан. Мөн манайд гаднын мэргэжилтнүүд, магистр, докторын оюутнууд сайн дурын ажил хийх дадлага хийх сонирхол нэлээн нэмэгдсэн. Миний санаж байгаагаар 2019 онд 4-5 гадаад мэргэжилтэн, дадлагажигч, сайн дурын хүмүүс манайд ажиллаж байсан. Гадаад харилцаа сайжрах тусам эргээд манайхыг сонирхож байгаа гаднын байгууллагууд, мэргэжилтнүүдийн тоо нэмэгдсэн. Гадаад харилцаатай уялдаад IRIM бусад байгууллагуудтай хамтран гадаадад төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулах боломжууд нэмэгдэж эхэлсэн. Тухайлбал, тэр үед тавигдсан суурь дээр үндэслээд өнөө хүртэл цахимаар болон биечлэн Төв Азийн орнуудад 4-5 төсөл хэрэгжүүлсэн байна.
Манай байгууллагын онцлог гэвэл, бидний уриа чинь хараат бус, чанар, үр нөлөө тэгэхээр бусад байгууллагуудад ч гэсэн чанарын бодлоготой, улс төр, эдийн засаг аль нэг этгээдээс хараат бусаар үйл ажиллагаа явуулж чаддаг байх. Харин үр нөлөө гэдэг бол бидний үнэт зүйл. Тэр ч утгаараа судалгаа хийгээд зөвлөх үйлчилгээ үзүүлээд өнгөрчих зүйл биш тухайн асуудлаараа өөрчлөлт гаргах гэж зорьж эрмэлзэж ажилладаг хамт олон гэж боддог.