‘IRIM-ЧУУД ИТГЭЛЦЭЛ, ХАМТЫН ХҮЧЭЭР ЦАР ТАХЛЫГ ХҮНДРЭЛ БАГАТАЙ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫХАА ЦАР ХҮРЭЭГ ХУМИЛГҮЙ ДАВЖ ЧАДСАН.
Миний бие IRIM-даа ажиллаж хуримтлуулсан туршлагынхаа ачаар 2016-2018 онд Австрали Улсын Мельбурны их сургуульд Хөгжил судлалын магистрын зэрэг хамгаалсан. 2020 оноос дахин байгууллагынхаа Гүйцэтгэх захирлаар ажиллах хүндтэй бөгөөд сорилттой үүрэг хүлээж авсан. Ажил авах үед байгууллага маань салбартаа хэдийн танигдаж, байр сууриа олсон, хүчтэй засаглал, институтчиллээ бэхжүүлсэн байсан. Шинэ аравны эхлэл утгаараа, 2020 оныг их өөдрөг эхлүүлсэн ч, тун удалгүй КОВИД-19 хэмээх хэнийг ч төсөөлөөгүй сорилт үүслээ. Тухайн үед амар байгаагүй. Нөхцөл байдал өдрөөс өдөрт огцом өөрчлөгдөж, хийсэн гэрээ хэлэлцээр цуцлагдах, төлөвлөсөн ажлууд хугацаагүйгээр хойшлох, гэнэтийн хориг хязгаарт орох, хамгийн хэцүү нь өөрчлөгдөн буй нийгмийн сэтгэл зүйд зохицох явдал байсан. Байгууллагаараа сар тутам хуралдаж, нөхцөл байдлаа үнэлж ажилладаг байлаа. Ямартай ч итгэлцэл, хамтын хүчээр цар тахлыг хүндрэл багатайгаар, үйл ажиллагааны цар хүрээг хумилгүй даван туулсан. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацааны гол өөрчлөлтийг гурван санаанд зангидаж дүгнэж болохоор байна.
Нэгдүгээрт, байгууллагаараа цахим шилжилтийг амжилттай хийж чадсан. Бүрэн зайнаас ажиллаж сурна, шинэ цахим оффисын орчин руу шилжинэ, шинэ и-мэйл, шинэ программд хамтарч ажиллаж сурах нь өөрчлөлтийн томоохон менежмент байсан. Урд өмнө огт байгаагүй онлайн хуралд камер, микрофоноо зөв өгч, сууж сурахаас эхлээд хөглөх, дассан сурснаасаа салах зэрэг хөгжилтэй, сургамжтай өдрүүд зөндөө байсан. Энэ дижитал шилжилт нь ажил амьдралын тэнцвэртээ ахиц гаргах, суралцах боломжийг олгосон.
Хоёрдугаарт, судалгааны ажлын хамгийн чухал хэсэг болох өгөгдөл, мэдээллийг бүрэн зайнаас цуглуулах чадавх, менежментийн арга барилыг нэвтрүүлсэн. Сүүлийн үеийн дуудлагын төвийг байгуулсны ачаар, цар тахлын улмаас хүн хоорондын нүүр тулсан харилцаа бүрэн хязгаарлагдсан үед ямар ч саадгүйгээр судалгааны мэдээллийг цуглуулж, COVID-19-ийн хариу арга хэмжээний төсөл, сэргээн босгох арга хэмжээний хэрэгцээ, үр нөлөөний талаар шийдвэр гаргагчдыг үнэ цэнтэй мэдээллээр хангаж ажилласан. Цаашид гамшиг, онцгой нөхцөл байдал үүсэхэд орон зай, цаг хугацааны хязгаарлалтаас үл хамааран мэдээлэл, нотлох баримт цуглуулах бэлэн байдлаа бэхжүүлж чадсан.
Гуравдугаарт, судалгааны шинэ сэдвүүд рүү орох, шинэ зөвлөхүүдтэй хамтын ажиллагаа өргөтгөх боломж бий болсон. Ялангуяа, цар тахлын үед, хүний эрх, хүүхдийн хүчирхийлэл, хүний наймаа, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн жендерт суурилсан хүчирхийлэл, туслах малчдын хүний эрхийн зөрчил зэрэг тодорхой сэдвүүдээр судалгаа хийснээр нийгмийн гаж үзэгдэл, криминологийн судалгааны чиглэлд чадавхаа хөгжүүлсэн. Энэ цаг үед цар тахлын үр дагаврыг даван туулахын тулд уур амьсгалын өөрчлөлт, нөөцийн үр ашигтай ашиглалт, ногоон эдийн засгийн чиглэлд идэвхтэй судалгаа хийж байна.