‘НЭГ ТАЛААС БАЙГУУЛЛАГЫН ИНСТИТУТЧИЛЭГДСЭН БАЙДАЛ, НӨГӨӨ ТАЛААС ИЖИЛ ҮНЭТ ЗҮЙЛТЭЙ ЭЕРЭГ ХАМТ ОЛОН МААНЬ IRIM-ИЙГ МИНИЙ ХУВЬД ХҮСЭМЖИТ АЖЛЫН БАЙР БОЛГОДОГ.
МУИС-д нийгмийн ажилтан мэргэжлээр суралцаж байхдаа IRIM-д дадлага хийх боломж олдсоноор байгууллагатайгаа холбогдож эхэлсэн. Бакалаврын дипломоо “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг тэгш хамруулан сургах” сэдвээр бичээд сургуулиа төгсөх үеэр IRIM-д яг энэ чиглэлийн төсөл эхэлж, Ч.Тамир багшаас холбож өгч байснаар анх төсөл дээр туслах судлаачаар орж ажлын гараагаа эхэлсэн. Их сургуульд судалсан зүйлээ ажил хэрэг болгох, ашиглах боломж олдсонд тухайн үедээ маш их баярлаж байж билээ.
Анх ажилд ороод "Шинэ судлаачдын сургалт"-д хамрагдахад судлаачдын туулах карьерын зураглалыг танилцуулж байсан нь одоо хүртэл мартагддаггүй. Туслах судлаачаас эхлээд судлаач, зохицуулагч цаашлаад сэдэвчилсэн агуулгаар мэргэшиж, салбарын эксперт, зөвлөхийн түвшинд хүрэх боломжтой зэргээр судлаач хүний урт хугацааны карьерын боломжуудыг дурдаж, үүнд байгууллагын зүгээс оруулж чадах хувь нэмэр, дэмжих боломжуудаа бас тодорхой тайлбарлаж байсан. Одоо эргээд харахад яг тэр тайлбарлаж, хэлж өгч байсан замналаар л явж байна.
Намайг анх орж ирэхэд ISO-г үйл ажиллагаандаа нэвтрүүлж эхлэх гээ дүрэм журмууд шинэчлэгдэж, шинээр боловсруулж, ажилтнуудын чиг үүргүүд илүү нарийвчлагдаж байсан. Дөнгөж сургуулиа төгссөн надад Минжирмаа эгч, Сүхээ ах нарын ярьдаг байсан орц, гарц, шаардлага, аудит гэх зүйлүүд их л хол санагдаж байсан. Одоо ингээд ISO стандартаа нэвтрүүлж, баталгаажуулалтаа авчихсаны дараа харахад чанарын менежментийн тогтолцоог байгууллагынхаа үйл ажиллагаанд бүр соёл болтол нь хэвшүүлнэ гэдэг маш их хичээл зүтгэл, анхаарал, манлайлал шаарддаг ажил санагдаж байна. Бас ISO-ийн тасралтгүй сайжруулалт хийнэ, тогтмол процессоо сайжруулах өнцгөөс хардаг байна гэдэг зарчим нь манай байгууллагын хамт олны соёлтой ч их уялдаж байгаа санагддаг.
Бусад байгууллагуудтай харьцуулахад манайх тун залуу хамт олонтой. Тиймдээ ч бүгд дор бүрнээ өсөж, сайжрах, улам мэргэших хүсэл эрмэлзэлтэй, ижил үнэт зүйлтэй байдаг тул манай байгууллагын дотоод уур амьсгал, хамт олны соёл маш дулаан. Ийм хамт олонтой байхаар ажлаас гадна олон зүйлийг үе тэнгийн залуучуудаасаа суралцах боломжтой байдаг нь сайхан. Тухайлбал, одоо Австралид суралцаж байгаа Ээгий (Эрдэнэцэцэг)-ийн хурдтай, эрч хүчтэй байдал, хөгжилтэй зан чанар, Тина (Түвшинтөгс) хөдөлмөрч, нямбай, няхуур байдал, Нара (Нарантуяа)-ийн үргэлж хамт ажиллагсдаа халамжилж, санаа тавьдаг чанарууд гээд үе үеийн IRIM-чууд байгууллагын институтийн, соёлын одоогийн хөгжлийг бий болгосон юм. Тайлангийн эцсийн хугацаа тулсан үед хонож ажиллах хэрэг гарна, хурал дээр шаардлагатай төслүүд дээр гаргалгаа олох гэж бүгд нийлж суугаад ярилцана, хэн нэгнийхээ төсөлд хэрэгтэй мэдээлэл олбол хуваалцана, ачаалал их үед гэр бүл шиг сайхан дэмжигч, хамтач, эерэг хандлагатай залуучуудтай хамт ажиллах нь маш том дэмжлэг байдаг.
Нэг талаас байгууллагын тодорхой түвшинд хүрч институтчилэгдсэн байдал, нөгөө талаас ижил үнэт зүйлтэй эерэг, дулаан хамт олон маань IRIM-ийг миний хувьд хүсэмжит ажлын байр болгож байдаг юм уу даа.