Жижиг, дунд бизнесүүдийн өрсөлдөх чадварыг тодорхойлох нь хөрөнгө оруулагч болон шийдвэр гаргагч нарт бизнесийн орчныг сайжруулахад чиглэсэн бодлого, хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэхэд чухал мэдээлэл болдгоороо ихээхэн ач холбогдолтой судалгаанд тооцогддог.
Уг судалгааг өмнө нь Монголд бизнесийн орчинд үзүүлсэн цар тахлын нөлөөг судлах зорилгоор 2021 онд нэг удаа гүйцэтгэж байсан бол энэ удаад IRIM судалгааны хүрээлэн Олон Улсын Худалдааны төвийн аргачлалд суурилан судалж буйгаараа онцлог болж байна.
Судалгаанд салбар бүрийн төлөөлөл 1000 ЖДБЭ-ийг оролцуулан, мэдээлэл цуглуулалтыг 2023 оны 08-р сарын 25-н хүртэл зохион байгуулах тул Улаанбаатар хот болон 21 аймагт албан ёсоор бүртгэлтэй аж ахуй нэгж та бүгдийг уг судалгаанд идэвхтэй хамрагдахыг хүсье.
Энэхүү судалгааг Америкийн Нэгдсэн Улсын Олон Улсын Хөгжлийн Агентлаг (USAID)-ийн санхүүжилттэй “Бизнесийн тогтвортой хөгжлийн сайжруулах, ил тод байдлыг нэмэгдүүлэх” (BEST) хөтөлбөрийн хүрээнд гүйцэтгэж байгаа болно.