IRIM Судалгааны хүрээлэнгийн үнэлгээний баг нь Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын Булган, Өвөрхангай, Арвайхээр Орон Нутгийн Хөгжлийн Хөтөлбөрийн 2009-2014 оны II үе шатны дунд шатны үнэлгээний ажлыг 2013 оны 5-7 сарын хооронд хийж байна.
Энэхүү үнэлгээний ажлын зорилго нь 2009-2013 онд Булган, Өвөрхангай, Арвайхээр ОНХХ-ын зорилтот орон нутагт хэрэгжүүлсэн Дэлхийн Зөн Монгол байгууллагын хөтөлбөрийн үр дүн, ололт амжилт болон алдаа дутагдлыг тодорхойлж, дараагийн жилүүдэд хөтөлбөрийн үр дүнг сайжруулахад анхаарах шаардлагатай асуудлуудыг олж харахад оршиж байгаа юм.
Үнэлгээний мэдээлэл цуглуулах ажил Булган, Өвөрхангай аймгуудад 2013 оны 5 сарын 27-оос 6 сарын 7-ний хооронд хийгдэж, одоо дүн шинжилгээний ажил хийгдэж байна. Үнэлгээ нь мэдээллийг чанарын судалгааны аргууд болох бүлгийн ярилцлага, ганцаарчилсан уулзалт, ажиглалт, кейс судлалын аргаар цуглуулж, чанарын мэдээллийн QDA Miner програмыг ашиглан дүн шинжилгээ хийж байна.
Дэлхийн Зөн Монгол байгууллага нь Анх 1993 оноос Монгол улсад үйл ажиллагаа явуулах эхлэл тавигдаж 1995 оны 7 сард Монгол улсын Хууль Зүйн Яаманд албан ёсоор бүртгүүлэн өөрийн суурин төлөөлөгчийн газрыг Улаанбаатар хотноо нээжээ. Дэлхийн Зөн Монгол нь хүүхдийн эрх зөрчигдөж, тэдний хохирч байгаа газар бүрт хүрч ажиллахыг эрмэлздэг байна. Үйл ажиллагаа нь 1. Хүүхэд ивээн тэтгэх хөтөлбөр, 2. Хүүхэд гэр бүлийн сайн сайхан байдал, 3. Эрүүл мэнд, 4. Эдийн засаг, 5. Иргэний нийгэм-Хүний хөгжил гэсэн 5 төслөөр дамжин хэрэгждэг ажээ.