IRIM судалгааны хүрээлэн нь 2015 оны 11-р сараас 2016 оны 6-р сар хүртэл “Монголын уул уурхайн салбарын авлигын эрсдэлийн үнэлгээ”-г хийж гүйцэтгэлээ.
Энэхүү судалгааны зорилго нь уул уурхайн салбарын шийдвэр гаргах ажиллагааны үе шат бүрт авлигын эрсдэлийг тодорхойлж, нарийвчилсан үнэлгээ хийх явдал юм. Мөн судалгааны мэдээлэл цуглуулах явцад илэрсэн авлигын эрсдэлийг бууруулах төлөвлөгөөг төсөл байдлаар боловсруулсан бөгөөд уг судалгааны дүнг геологи, уул уурхайн салбар дахь авлигын эрсдэлийн хяналт шинжилгээ, үнэлгээнд суурь түвшин болгон ашиглах боломжтой.
Эрсдэлийн үнэлгээний үр дүнд нийт 15 төрлийн авлигын эрсдэлийг тодорхойлсон бөгөөд, үүний үнэлгээний ерөнхий дүгнэлт хэсэгт хураангуйлан танилцуулсан байгаа. Үнэлгээний баг нь авлигын эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөний саналыг боловсруулсан. Уг саналыг Уул уурхайн сайдын 2016 оны 4-р сарын 12-ны өдрийн А/40 тушаалаар байгуулагдсан “Авлигын эрсдэлийг бууруулах төлөвлөгөө”-г боловсруулах ажлын хэсэгт хүлээлгэн өгсөн.
Үнэлгээний үр дүн болон авлигын эрсдэлийг бууруулах төлөвөлгөөг танилцуулах уулзалт, хэлэлцүүлгийг 2016 оны 6-р сарын 7-нд олон улсын, үндэсний болон орон нутгийн оролцогч талуудын дунд зохион байгуулсэн. Үнэлгээний тайлангийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос хүлээн авна уу.