Тогтвортой Хөгжлийн Зорилгууд (ТХЗ)-ын бэлэн байдлыг хангах, үндэсний зорилтуудаа дэвшүүлэхийг дэмжиж НҮБ-аас гаргасан Нэвтрүүлэх, Эрчимжүүлэх, Бодлогын Дэмжлэг Үзүүлэх (MAPS) хандлагыг ашиглан Монголын ТХЗ-ын жендерийн суурь үнэлгээг 2016 онд НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Монгол дахь төлөөлөгчийн газар, IRIM Судалгааны Хүрээлэн хамтран гүйцэтгэв.
Тус үнэлгээ нь гурван үндсэн зорилготой. Үүнд:
Шинжилгээгээр Монголын 7 ТХЗ-ын 39 зорилтод хамаарах нийт 87 үзүүлэлтийн хүйсийн задаргаатай суурь мэдээлэл бүрдсэн эсэхийг тодорхойлсон. Сонгосон ТХЗ-уудад хамааралтай мэдээллийн бүрдэлт ба чанарыг мэдээллийн цаг үеэ олсон, харьцуулагдахуйц байдал, нөөцийн хүрэлцээ, технологи, хүртээмж ба ашиглагдахуйц байдал зэрэг 6 шалгуур үзүүлэлт ашиглан үнэлсэн үр дүнг 2 дугаар бүлэгт танилцуулав. Түүнчлэн тус бүлэгт суурь мэдээллийг бүрдүүлэх, индикатор үзүүлэлтүүдийг тодорхойлох зөвлөмж тусгасан. Энэ шинжилгээний явцад Монголд ашиглаж буй үзүүлэлтүүдийн тодорхойлолт ба гол нэр томъёо олон улсынхаас зөрөх тохиолдол их гарч байв. Мөн ТХЗ-ын суурь мэдээллийн бүрдэлт зорилгоос шалтгаалан янз бүр байсан ба ихэнх үзүүлэлт нарийн задаргаагүй байсан. Мэдээлэлд дүн шинжилгээ хийх болон мэдээллийн хэрэглээнд хамгийн том дутагдал оршиж байна.
Тайлангийн 3 дугаар бүлэгт Нэвтрүүлэх, Эрчимжүүлэх, Бодлогын Дэмжлэг Үзүүлэх хандлагыг ашиглан Засгийн газрын одоогийн хяналт болон хариуцлагын тогтолцоонд үнэлгээ хийсэн. Уг үнэлгээгээр ТХЗ-ын тайлагналт, мэдээлэл цуглуулалт, менежментэд ээлтэй орчин болон жендерийн мэдрэмжтэй бодлого Монгол улсад тодорхой хэмжээгээр суурь нь тавигдсан гэсэн үр дүн гарсан. Гэвч байнга давтагдах засгийн газрын бүтцийн өөрчлөлт, бодлогын чиглэлийн өөрчлөлт, санхүү болон хүний нөөцийн тогтворгүй байдал нь ТХЗ-ын тайлагналт, давтан судалгаа, мэдээллийн менежментэд хүндрэл учруулж байна. Мөн хуулийн хэрэгжилт сул байгаа нь үр нөлөөтэй хариуцлагын тогтолцоонд саад болж байна. Энэ бүлэгт мөн үндэсний хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах, ТХЗ-ыг үндэсний хөгжлийн төлөвлөгөөтэй уялдуулах, төрийн бус салбарын оролцоог хангах зөвлөмж дэвшүүлсэн.
Түүнчлэн тайланд тусгай хүснэгт хавсаргаж, үзүүлэлтүүдийг тооцох аргачлал, дэлгэрэнгүй статистик, нарийвчилсан үнэлгээг оруулсан. Уг хүснэгтийг эдгээр үзүүлэлтийг тодорхойлж, хэрэглэх хүмүүст болон тэдгээрийн суурь мэдээллийг бүрдүүлж, тайлагнах хүмүүст зориулсан. Энэхүү шинжилгээний загварыг бусад ТХЗ-ын үзүүлэлтийн үнэлгээг хийхдээ ашиглах боломжтой.
Үнэлгээний тайлангийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоос хүлээн авна уу.
";}