Судалгааны Хүрээлэн нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд уул уурхайн олборлох салбартай холбоотой 20 гаруй судалгаа, хяналт шинжилгээ, үнэлгээ, хэлэлцүүлгийн төслийг хэрэгжүүлжээ. Энэ ажлын хүрээнд уул уурхайн салбарын засаглал болон нийгэм, эдийн засгийн нөлөөллийн асуудлыг судлахаас гадна үндэсний болон орон нутгийн хэмжээний хэлэлцүүлгийн төслүүдийг гүйцэтгэсэн байна.
Уул уурхайн засаглалтай холбоотойгоор, гар аргаар алт олборлогчид болон жижиг уул уурхайн компаниудын зөрчил, сайн туршлага, уул уурхайн лицензийн мэдээллийн нээлттэй ил тод байдал, уул уурхайн салбарт ХДХВ/ДОХ-оос сэргийлэх төсөл зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлсэн байна. Мөн уул уурхайн салбарт хэрэгжиж буй байгаль орчны хууль тогтоомж дахь “эрх зүйт ёсны зарчим”-ын үнэлгээ, уул уурхайн салбарын авлигын эрсдэлийн үнэлгээ, эдийн засгийн өсөлтийн нөлөөллийн үнэлгээ, байгаль орчны үнэлгээ зэрэг үнэлгээний төслүүдийг хэрэгжүүлжээ. Мөн үндэсний болон орон нутгийн түвшний олон талыг хамарсан бодлогыг боловсруулах, чадавхи бэхжүүлэх, асуудал тодорхойлох томоохон хэлэлцүүлгүүдийг зохион байгуулаад байна. Уул уурхайн салбарын хүрээнд хэрэгжүүлсэн онцлог төслүүдийг дурдвал:
Орон нутагтай хамтран ажиллах загвар гэрээн дээр оролцогч талууд буюу уул уурхайн компани, Уул Уурхайн Яам, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудын санал, бодлыг нэгтгэх замаар гурван талт хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Мөн оролцогч талуудыг 6 чиглэлд хуваан хамтын ажиллагааны гэрээнд тэдний санал бодлыг тусган санал, зөвлөмж боловсруулан захиалагч талд хүргүүлсэн.
Авлигын эрсдэлийн үнэлгээг хийхдээ НҮБХХ-өөс боловсруулсан “Олборлох салбар дахь авлигын эрсдэлийг бууруулах” олон улсын аргачлалыг ашигласан. Үнэлгээний хүрээнд нийт 15 төрлийн авлигын эрсдэл илэрсэн. Үнэлгээний баг УУЯ-ны сайдын 2016 оны 4 дүгээр сарын 12-ны А/40 тоот тушаалаар батлагдсан “Уул уурхайн салбарын авлигын эрсдэлийг бууруулах төлөвлөгөө”-г боловсруулах ажлын хэсэгт орж, авлигын эрсдэлийн үр дүнг танилцуулж, төлөвлөгөөнд саналаа тусгасан.
";}