Байгаль орчин, аялал жуулчлалын яам (БОАЖЯ) 2014 онд Байгаль орчны салбарын жендэрийн стратеги (2014-2030)- ийг баталсан. Энэ нь Монгол улсын хувьд салбарын анхны жендэрийн стратеги байв.
Стратегийн зорилго нь эмэгтэй, эрэгтэй хүмүүс, нийгмийн бүлгүүд, орон нутгийн хөгжлийн хэрэгцээнд суурилсан оролцоог болон үр өгөөжийг тэгш хүртэх боломжийг хангасан ногоон хөгжлийг дэмжихэд оршино. Стратегийг түншүүд, гол оролцогч талуудыг жендэрийн тэгш байдлын талаар нэгдсэн ойлголтод хүрэх, жендэрийн үнэлгээний талаар шаардлагатай чадавхийг сайжруулах, жендэрийн чиглэлийн судалгааны ажлыг зохион байгуулахад гол чиглүүлэх баримт бичиг байхаар боловсруулсан.
Стратегийн I дүгээр шат 2014 -өөс 2017 онд хэрэгжиж дууссан ба энэхүү хэрэгжилтийн үнэлгээ хийж, цаашид Стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулахад шаардлагатай мэдээллийг бүрдүүлэх зорилготойгоор БОАЖЯ, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (ГОУХАН)-ийн захиалгаар IRIM судалгааны хүрээлэн хараат бус үнэлгээг хийж гүйцэтгэв. Үнэлгээний үр дүнгээс харахад Стратеги нь байгаль орчны салбарт жендэрийн тэгш байдлыг бий болгох чиглэлд ажиллаж буй оролцогч талуудыг нэг зүгт чиглүүлсэн хэрэгтэй баримт бичиг болсон байна. Харин Cтратегийн I дүгээр шатны хэрэгжилт, оролцогч талуудын оролцоо, хоорондын мэдээлэл солилцоо маш сул байсан гэдэг үнэлгээний үр дүнгээс харагдаж байна. Түүнчлэн Стратегийн дизайн, хяналт, үнэлгээний механизмыг Монголын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль гэх мэт Стратегиас сүүлд батлагдсан бодлогын баримт бичгүүдтэй уялдуулж шинэчлэх шаардлагатай байна.
Дээрх үнэлгээг хийхээс гадна IRIM судалгааны хүрээлэн ойн салбарын жендэрийн нөхцөл байдлын шинжилгээ хийсэн. Судалгааны хүрээнд баримт бичгийн судалгаа, ой сан бүхий аймгуудад очиж ойн нөхөрлөлүүд, хувийн ойн компаниуд, нутгийн иргэд, орон нутгийн удирдлага болон аймаг, сумдын холбогдох төрийн байгууллагуудын албан хаагчидтай ярилцлага хийсэн. Судалгааны гол үр дүнгүүдээс харахад ойн салбарт жендэрийн тэгш бус байдал оршсоор байна. Жишээлбэл, ойн салбарт аж ахуй эрхэлж буй эрэгтэй хүмүүс биеийн хүч шаардсан ажилд илүү оролцоотой, харин эмэгтэйчүүд ойд үржүүлэг, цэвэрлэгээ гэх мэт ажлуудыг илүүтэй хариуцаж байна.
Оролцогч талууд Монгол дахь ойн бизнесийг эрэгтэй хүмүүс давамгайлсан салбар гэж үзэх хандлагатай байв. Ийм хандлага ялангуяа эрэгтэй хүмүүсийн дунд илүү зонхилж байна. Түүнчлэн байгаль орчны салбарын шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо, эрэгтэйчүүдийнхээс доогуур байна.
Үүнээс гадна жендэр болон байгаль орчинтой холбоотой хуулийн хэрэгжилт сул хэвээр байна. Орон нутгийн холбогдох төрийн байгууллагууд ойн салбарт жендэрийг нэвтрүүлэхэд чухал үүрэгтэй ч уг үүргээ гүйцэтгэхэд тэдний ойлголт, чадавхийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.
Цаашид IRIM судалгааны хүрээлэн уур амьсгалын өөрчлөлт, жендэр ба нийгмийн чиглэлд хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн, жендэрийн ялгаатай байдлын талаар оролцогч мэдлэгийг нэмэгдүүлэх, шаардлагатай мэдээлэл, баримт нотолгоог бүрдүүлж, судалгааны олдвор, үр дүн дээр суурилан бодлогын зөвлөмжийг боловсруулж ажилласаар байх болно.
Тайлангийн бүрэн эхийг ЭНД ДАРЖ үзэх боломжтой.
";}