Берлинд төвтэй “Транспэрэнси Интэрнэшнл” олон улсын байгууллага жил бүр авлигын төсөөллийн индексийг 180 орнийн хувьд жагсаан гаргадаг ба “100” оноог авлигагүй улсад, “0” оноог авлигад өртсөн гэж дүгнэдэг. Монгол Улс 2015 онд 39 оноогоор 72-р байр, 2016 онд 38 оноогоор 87-р байр, 2017 онд 36 оноогоор 103-р байранд жагссан байна.
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим /МҮХАТ/, МУИС-ийн Бизнесийн Сургуультай хамтран манай улсын эдийн засаг, бизнесийн салбарын онцлогт тохирсон “Бизнесийн орчны судалгаа”-г 2017 онд танилцуулсан ба бизнесийн орчинд бизнес эрхлэхэд хамгийн ихээр саад болж буй хүчин зүйлийн нэг бол авлига хээл хахууль гэж дүгнэжээ.
IRIM судалгааны хүрээлэн нь Транспэрэнси Интернэшнл Монгол ТББ-ын захиалгаар “Бизнесийн ёс зүйт байдлын хөтөлбөр” судалгааг 2017 оны 10 сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.
Уг төсөл нь ил тод байдал, ёс зүй, хариуцлагыг сайжруулах замаар бизнесийн орчны авлигыг бууруулах үндсэн зорилготой.
“Бизнесийн ёс зүйт байдлын хөтөлбөр” судалгаа нь (a) манай улсын бизнесийн орчны ёс зүйт байдлыг баримт бичгийн нотолгоон дээр тулгуурлан сайжруулах (б) шинэчилсэн хөтөлбөрийг дэвшүүлэн хувийн салбар доторх болон салбараас гарах авлигыг бууруулах зорилттой.
Одоогоор дэлхийн ихэнх улс оронд бизнесийн буюу хувийн салбарт авлигатай тэмцэх нэгдсэн цогц үнэлгээний тогтолцоо байхгүй учир Транспэрэнси Интернэйшнл олон улсын байгууллага 2016 оноос эхлэн уг орон зайг нөхөх зорилгоор улс орон бүрд “Бизнесийн ёс зүйт байдлын хөтөлбөр” судалгааг хэрэгжүүлж эхэлжээ. Анхны гараа Мозамбик, Турк, Итали, Камбож зэрэг улсуудад хийгдсэн ба 2018 онд анх удаагаа уг хөтөлбөрийг үнэлэх ажил Монгол Улсад хийгдэж буйгаар онцлогтой.
Энэхүү судалгаа Транспэрэнси Интернэшнл олон улсын боловсруулсан арга, аргачлалын дагуу баримт бичгийн судалгааг улс орон бүрд хийдэг. Манай хөтөлбөр улс орон бүрийн төр, хувийн салбар болон иргэний нийгмийн уялдаа холбоог 15 хэсэг, 51 индикатор, 139 асуултын хүрээнд авч үздэг ба 3 салбарт ерөнхий үнэлгээг боловсруулдаг. Мөн уг судалгаа дэлхийн улс орнуудыг хооронд нь харьцуулдаггүйгээрээ онцог, давуу талтай.
Уг судалгааны явцад зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, хамтарч ажиллах салбар бүрийн 10 хүний мэргэжилтний бүрэлдэхүүнтэй Зөвлөх Бүлгийг үүсгэн байгуулсан ба төрийн салбараас Хууль зүй, дотоод хэргийн яам, МҮХАҮТ, Удирдлагын академийн зөвлөхүүд бизнесийн салбарын үндэсний болон гадаадын хөрөнгө оруулалттай компанийн төлөөлөл, Монголын Хөрөнгийн Бирж, МҮХАҮХ-ны төлөөлөх зөвлөлүүд, иргэний нийгмийн төлөөллөөс Глоб Интернэшнл, Нээлттэй Нийгэм Форумын зөвлөхүүд багтсан болно.
Одоогоор судалгааны ажил хийгдэж байгаа ба 2018 оны 6 сард судалгааг танилцуулахаар ажиллаж байна.
";}