Эрүүл мэндийн яам (ЭМЯ), Азийн хөгжлийн банк, Японы ядуурлыг бууруулах сантай хамтран “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогын арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах” төслийг 2018 оны 04 сараас 2019 оны 10 сарын хооронд хэрэгжүүлж эхлээд байна. Уг төслийг Францын Conseil Sante байгууллагын олон улсын зөвлөхүүд болон IRIM судалгааны хүрээлэнгийн үндэсний зөвлөхүүдээс бүрдсэн баг гүйцэтгэж байна. Төслийн нээлтийн уулзалт 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болсон. Уулзалтыг Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах талаар оролцогч талуудад нэгдмэл ойлголт өгөх, хамтын ажиллагааны талаар зөвшилцөл бий болгох зорилгын хүрээнд ЭМЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газар, Азийн Хөгжлийн Банкны “Эрүүл мэндийн салбарын мастер төлөвлөгөө” техник туслалцааны (9386-MOH) төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжээс зохион байгуулав. Уулзалтанд ЭМЯ болон эрүүл мэндийн байгууллага, холбогдох төрийн байгууллага, мэргэжлийн нийгэмлэг, холбоо, хувийн салбар, олон улсын хамтрагч талын төлөөллүүдээс бүрдсэн 80 гаруй хүмүүс оролцлоо.
Төслийн талаарх товч мэдээлэл
Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлэх тус төсөл эрүүл мэндийн салбарын хөгжлийг 2019-2026 оны хугацаанд чиглүүлэх “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-г боловсруулахад дэмжлэг үзүүлнэ. Тус төлөвлөгөөг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, дунд хугацааны зардал, хөрөнгө оруулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээний хүрээ гэсэн дагалдах баримт бичгүүдийн хамт боловсруулахаар төлөвлөж байна.
Эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн бүх түвшний байгууллагын жилийн төлөвлөгөө, төсвийг боловсруулахад эдгээр баримт бичгийг гол чиглэл болгон ашиглана. Эрүүл мэндийн салбарын тус төлөвлөгөөг боловсруулах үйл явцыг Монгол Улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, түүнийг дагалдах нийтлэг журамд заасан зарчим, үе шат, заалтын дагуу явуулснаар үндэсний бодлогын нэгдсэн тогтолцоотой уялдуулна.
Баримт бичгийг боловсруулахдаа эрүүл мэндийн салбарын шат шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, холбогдох бусад салбар болон хамтран ажилладаг олон улсын байгууллагын төлөөллийг ажлын хэсгүүдэд оролцуулах бөгөөд нийслэлд, мөн аймагт бүсчилсэн цуврал уулзалт хийж, төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлснээр салбарын хамт олны өргөн хүрээний оролцоог хангах юм. Ингэснээр тус төсөл нь эрүүл мэндийн салбарын ажилтнууд харилцан суралцах, чадавхи бэхжүүлэх, төлөвлөгөөг өөрийн болгон эзэмших үйл явц болох боломжийг хангана.
";}