Мэдээ мэдээлэл
IRIM-н зөвлөх Л. Цэлмэгсайхан: Өөрийгөө олно гэдэг нь хүний амьдралын хамгийн урт эрэл хайгуул байх даа
12/04/2019
IRIM-н зөвлөх Л. Цэлмэгсайхан: Өөрийгөө олно гэдэг нь хүний амьдралын хамгийн урт эрэл хайгуул байх даа
a:3:{s:10:"short_desc";s:375:"IRIM судалгааны хүрээлэнгийн 11 жилийн ойн баярын хүрээнд онцлох судлаачидтай хийсэн ярилцлагыг цувралаар хүргэх болсондоо таатай байна. Л. Цэлмэгсайхан зөвлөхтэй хийсэн ярилцлагыг та бүхэнд хүргэж байна. ";s:5:"image";s:13:"Tselmeg 3.jpg";s:4:"desc";s:16482:"

Уншигч танд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай байгууллагын 11 жилийн ойн баярын хүрээнд онцлох зочидтой хийсэн ярилцлагыг цувралаар хүргэж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд IRIM судалгааны хүрээлэнгийн судлаачидаас мэргэшил дээшлүүлэх зорилгоор олон улсын нэр хүндтэй урт болон богино хугацааны сургалтын тэтгэлэгт хамрагдсан. Ярилцлагын зочноор Австралийн засгийн газрын тэтгэлгээр Австралийн Мельбурны их сургуульд суралцсан Цэлмэгсайхан зөвлөх уригдлаа. 

IRIM-н зөвлөх Л. Цэлмэгсайхан

Сайн байна уу та? Юуны өмнө танд IRIM судалгааны хүрээлэн үүсгэн байгуулагдсаны 11 жилийн ойн баярын мэнд хүргэе. Дэлхийн жишигт нийцсэн хараат бус судалгаа, зөвлөх үйлчилгээний салбарыг хөгжүүлэх эрхэм зорилгын төлөө тууштай ажиллаж буй танд талархал илэрхийлье.

1. Та өөрийгөө уншигчдад товчхон танилцуулна уу?

Би хуучнаар Найрамдлын гэж нэрлэдэг байсан Дархан хотод хүүхэд насаа өнгөрөөсөн. Зундаа их халдаг, өвөлдөө жавар тачигнасан, тайван аж амьдралтай хот л доо. Сурагч байхдаа түүх, нийгэм, хэл, уран зохиолын хичээлд дуртай, юм юманд сонирхож явдаг, эршүүд хүүхэд байлаа. Дунд ангидаа хууль сахиулахын, ахлах ангидаа театрын найруулагч болно гэж мөрөөддөг байсан. Гэтэл социологич гэж мэргэжил эзэмшээд, өнөөдөр 10 дахь жилдээ энэ чиглэлээр ажиллаж байна. МУИС-д Социологийн магистрыг 2011 онд хамгаалж, сая сүүлд 2018 оны зун Австралийн Мельбурнын их сургуульд Хөгжил судлалаар магистрын зэрэг хамгаалсан. Одоо судалгааны IRIM хүрээлэнд ТУЗ-ийн гишүүн, зөвлөхөөр ажилладаг. Өнгөрсөн хугацаанд хөгжлийн тулгамдсан асуудлууд, тэр дундаа олборлох салбар дахь нийгмийн асуудлууд болон уул уурхайн бизнес ба орон нутгийн хамтын ажиллагаа, эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрхийн зэрэг асуудлаар судалгаа, төслийн багт ажиллаж байсан туршлагатай.

2. IRIM-д ажиллахын гол давуу тал юу вэ? Байгууллагын үйл ажиллагаа, онцлог таныг мэргэжлийн хувьд өсөн дэвжихэд хэрхэн нөлөөлсөн гэж та бодож байна вэ?

Өмнө хэлсэнчлэн, би социологич мэргэжилтэй. Одоо хүмүүс энэ мэргэжлийн талаар харьцангуй ойлголттой болсон. Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байхад нийгмийн ухааны хичээлдээ илүү дуртай байлаа. Энэ ч утгаараа элсэлтийн шалгалт өгч МУИС-ийн Социологийн ангид орж байсан. Харин их сургуулиа төгсөөд нэгэнт эзэмшсэн шинэ тутам мэргэжлээрээ ажиллахаар шийдэж, ангийнхаа үе тэнгийн таван залуугийн хамтаар тухайн үед дөнгөж байгуулагдаад байсан IRIM -д ажлын гараагаа эхлүүлж байлаа. Ажлын талбарт гарсан эхний жилүүдийг эргээд харвал, бие биеэ таньдаг хамт олонтой байж, шинэ байгууллагын уур амьсгал, соёлыг хамтдаа бүтээлцэх гэх мэт олон давуу тал байсныг дурдаж болох юм. Харин одоо манай байгууллагын алсын хараа, бие даасан байдал, үргэлж суралцагч чанар зэрэг нь ажилтнаа татах гол түлхэц болдог гэж би хувьдаа боддог. Нэг зүйлийг зайлшгүй дурдах хэрэгтэй, бидний ажил нэг хэвийн биш. Өөрөөр хэлбэл, ажлын өдөр бүр өөрөөр өнгөрдөг. Жишээ нь өчигдөр оффис дээр сууж ажилласан бол, өнөөдөр Улаанбаатарын захын гэр хороолол эсвэл малчны хотонд сууж байж болно. Харин маргааш аль нэг яамны шийдвэр гаргах түвшний албан тушаалтнуудад эсвэл дэлхийн аль нэг улсад судалгааны илтгэл танилцуулаад явахыг ч үгүйсгэхгүй. Уйдах завгүй, хэмнэлтэй, олон талт байдал нь сайхан ч, хааяа цаг хугацаа дэндүү хурдан яваад байгаа юм шиг санагддаг. Хэзээ нь хаврын урь орохыг анзаарч, хайрын шүлэг уншин, гансараад л, догдлоод л алхах вэ (инээв).

 

3. Олон улсын богино болон урт хугацааны хөтөлбөрт хамрагдахад эдгээр туршлага танд хэрхэн нөлөөлсөн бэ?

Тасралтгүй суралцагч байхыг би хувьдаа эрмэлздэг. Анх 2011 онд Унгар улсын Төв Европын их сургуульд богино хугацааны хөтөлбөрт хамрагдаж байлаа. Харин 2016-2018 онд Австралийн Мельбурны их сургуульд суралцсан маань урт хугацааны гэж тооцогдох байх. Мөн Австралид суралцаж байх хугацаанд Индонезийн Гаджа Мадагийн их сургуульд 7 хоногийн хугацаатай хөтөлбөрт хамрагдах боломж надад олдсон. Мэдээж Австрали улсад магистрын зэрэгт горилсон жилүүд хүн амьдралынхаа туршид суралцагч байхын чухлыг надад ойлгуулсан гэж хэлж болно. Зөвхөн сургуулийн орчинд гэлтгүй нийгмийн бүхий л түвшин, өдөр тутмын харилцаанд ч тэр байнга унших, харилцан ярилцах байдлаар үзэл бодлоо илэрхийлэх, эргэцүүлэхийг дадал болгосон гэж харсан. Эдгээр хөтөлбөрүүдэд хамрагдахад IRIM-д ажиллаж байсан туршлага тодорхой нөлөөлснийг хэлэх нь зүй. Англи хэлний чадвар, суралцах арга барилын ялгаатай байдал гэх мэт бэрхшээлүүд байсан. Гэхдээ илэрхий байдаг нэг давуу тал бол маш олон талын сэдэв, асуудлаар ойлголт сайтай байхад хүргэсэн IRIM-д ажилласан туршлага маань юм. Асуудлыг ойлгох, том зургаар харах, хоорондын уялдаа холбоог илрүүлэхдээ харьцангуй давуу гэж хэлж болно. Энэ нь тэтгэлэг, хөтөлбөрийн эссэ, цаашлаад шалгалтын ажлаа бичихэд бусдаас давуу байдал үүсгэсэн гэж хэлэх байна.

4. Таны хамрагдсан хөтөлбөр, тэтгэлгийн онцлог болон тухайн хөтөлбөрөөс олж авсан мэдлэг, туршлага юу байсан бэ?

Хөгжил судлал гэх мэргэжлээр суралцсан магистрын хөтөлбөрийн онцлогоосоо хуваалцъя. Бид байгаль орчны асуудал нь зөвхөн тухайн салбарын ажил, хөдөлмөр эрхлэлт бол зөвхөн эдийн засгийн шинжтэй гэх мэтээр аливаа асуудлыг салбарт нь хашсан байдлаар харах нь түгээмэл. Харин магистрын хөтөлбөрт хамрагдсаны дараа энэ бүхний уялдаа холбоо илүү чухал гэдгийг ойлгож авсан. Австралид суралцсан 16 хичээлийн маань нэг нь “Тогтвортой байдлын  засаглал” гэх хичээл байсан юм. Уг хичээлийн хүрээнд гурван оюутантай баг болон хамтарч ӨАБНУ-ын Кейптаун хотын 2050 он хүртэлх хөгжлийн төлөвлөгөөг гаргасан. Та бүхэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс зарим мэдээллийг сонсож байсан болов уу. Бидний сонгосон Кейптаун бол “Zero Day” буюу бороо оролгүй удсаны улмаас хэт их халалт бий болж, үүнээс үүдэлтэйгээр гадаргын усны нөөц дууссанаа зарлах гэж буй хот. Гэтэл уг хот дэлхий дээрх биологийн хамгийн олон төрөл зүйлийг өөртөө тээдэг манай гаригийн хамгийн чухал цэг. Тиймээс хотын төлөвлөлтийн талаарх бие даалтын ажлаас маш их зүйлийг сурсан. Тэр нь тухайн хот өөрөө бүтэн экосистем болохынхоо хувьд эргэн тойрны гол усны менежмент, эрчим хүчний тогтвортой эх үүсвэр, тээврийн хэрэгслийн сонголт, барилгын нягтаршлын шийдэл гэх мэт олон өөр асуудлуудтай маш нарийн уялдаа холбоотой болохыг ойлгосон явдал юм. Гэтэл манай улсад, Улаанбаатарт энэ бүхний уялдаа холбоо, хамаарал алдагдаж, нөөцийн үр ашиггүй хуваарилалт байсаар байгаа нь хамгийн харамсалтай санагддаг. Энэ нь манай улсад мэргэшсэн салбарын мэргэжилтнүүд дутагдаж буйг нэг талаас илтгэж байгаа юм. Мэдээж төрийн удирдах байгууллагуудад чадварлаг, боловсролтой залуус цөөнгүй бий. Миний бие судалгаа хийх явцдаа ч уулзаж байлаа. Гэвч шийдвэр гаргах түвшинд улсын хөгжлийг урт хугацаанд төлөвлөж, харах, үндэстний нийтлэг эрх ашгаа нэн тэргүүнд тавих төрийн бодлого болоод улс төрийн хүсэл зориг байхгүйтэй энэ бүхэн явсаар холбогдох болов уу гэж хувьдаа боддог юм.

5. Таны дурдсан ажлын туршлага, хөтөлбөр, тэтгэлгээс олж авсан мэдлэг туршлагын хүрээнд цаашид Монгол улсын нийгэмд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ?

Ажиллаж буй салбартаа тодорхой үр дүн авчрах нь нэн чухал. Хөгжсөн улс орнуудад ажил мэргэжлийн ялгарал улам нарийсаж, түүнчлэн мэргэжлийн хүчтэй холбоонууд байдаг. Энгийнээр харвал салбар бүрийн хөгжил улсын хөгжлийн суурь. Энэ ч утгаараа манай байгууллага салбар бүрд гарч буй шийдвэр болгон судалгаа, нотолгоонд суурилсан байхад хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй ажиллаж байна. Иймд судалгаа, нотолгоо шаардах, нөхцөл байдлын талаарх судалгааны үр дүнг олон талд хүргэж нөлөөлөл хийх, судалгааны үр дүнг бодлогын шийдвэрүүдэд тусгадаг болгох чиглэлээр хийх ёстой маш их ажлууд бий. Манай байгууллагын тухайд бүтэн цагаар ажилладаг 20 гаруй судлаач, туршлагатай 20 гаруй зөвлөхийн баг хамтран дөрвөөс таван голлох салбарын асуудлуудад чиглэн ажиллаж байна.

6. Та өөрийн туршлага дээр үндэслэн залууст ямар зөвлөгөө өгөх вэ? 

Хүн амьдралынхаа үе шат болгонд өөрийн гэсэн зорилготой, хийх зүйлтэй байх нь чухал. Үүний тулд өөрийгөө эхлээд таньж мэдэх хэрэгтэй гэж боддог. Миний хувьд хамгийн үнэ цэнтэй зүйл юу вэ, би юунд баярлаж бас айж ичдэг вэ, миний сэтгэл дүүрэн эсвэл зовж гуних шалтгаан юу вэ гэх асуултуудад хариулах хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө аз жаргалтай, сэтгэл дүүрэн байлгах тэр л ажил, найз нөхөд, хань, хоббигоо олоход дөхөмтэй байх. Гэхдээ өмнө дурдсан тасралтгүй суралцах гэдэг зүйлийг огт мартаж болохгүй. Үгүй бол одоо байгаа цүнхээлдээ, нөгөө л хүмүүстэйгээ үлдчихнэ.

Хэрхэн өөрийгөө таних вэ? Хааяа ч гэсэн нийгмээс зай авч өөртэйгээ ярилцах бас бага зэрэг тэнэх хэрэгтэй гэж зөвлөе. Миний хувьд олон төрлийн хүмүүстэй уулзаж, амьдралыг үзэж харж явсан маань бага ч атугай өөрийгөө олоход минь тусалдаг байх. Өөрийгөө олно гэдэг нь хүний амьдралын хамгийн урт эрэл хайгуул байх даа.

Цаг гарган бидэндтэй ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

";}