Олон улсад нөлөөллийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болох International Association for Impact Assessment 1980 онд байгуулагдаж, нөлөөллийн үнэлгээний чанар, хүлээн зөвшөөрөгдөлт, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэж ажиллаж байна.
Анх Америк 1968 онд Аляскийн хойгт их хэмжээний газрын тос нээж, улмаар газрын тосны дамжуулах хоолой барих шийдвэрийг 1973 онд гаргасан байдаг. Энэхүү хоолойг барихын тулд ид үедээ 42000 ажилчин шаардлагатай гэж тооцоо гарч байсан байна. Энэ хоолойг барьснаар, гаднаас ирэх нүсэр ажиллах хүчний нөлөөгөөр хүн ам цөөнтэй Аляскийн нутгийн амьдрал, хүмүүсийн аж амьдралд ямар байгаль орчны, нийгмийн, соёлын үр дагавар авчрахыг тооцох шаардлага үүссэнээр анх “Нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ” гэдэг ойлголт хэрэглэгдсэн байдаг. Улмаар АНУ болон Канадын Байгаль орчны үнэлгээ, бодлогын акт 1973 онд батлагдсан нь аливаа бүтээн байгуулалтын том төсөл, үйл ажиллагааны болзошгүй нөлөөллийг урьдчилж тооцох, хариу арга хэмжээг төлөвлөх анхны эрх зүйн баримт бичиг болсон байна.
Манай орны хувьд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийг 1998 онд анх баталсан ба аливаа төсөлд үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл өгөхөд шаарддаг нэг гол бичиг баримт юм. Гэвч энэхүү үнэлгээний нийгэмд нөлөөлөх байдлын үнэлгээ маш хангалтгүй хийгддэг. Үүнээс үүдэн ихэнх төслөөс нийгэмд үүсч буй нөлөөллөө зөв тооцож, сөргөөс нь сэргийлэх арга хэмжээ авч чаддаггүй бэрхшээл нийтлэг байна.
Энэ жил нөлөөллийн үнэлгээний олон улсын холбооны 39 дахь конференс Австрали улсын Брисбен хотод 2019 оны 4 – 5 сард болж өнгөрлөө. Австрали тив 11 жилийн дараа уг конференсийг хүлээн авч байна. Нийт 77 орны 885 оролцогч оролцож, 125 салбар хуралдаанд 481 илтгэл тавигдаж, 41 постер танилцуулагдлаа.
Уг конференсэд манай хүрээлэнгийн зөвлөх Л.Цэлмэгсайхан оролцож "Putting the 'social' back into science: Quality social impact assessment" сэдвээр салбар хуралдаанд нийгмийн нөлөөллийн үнэлгээг чанартай хийхэд олон улсын санхүүжүүлэгчдийн тавьдаг шаардлага нь хангалттай юу? гэсэн сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.
Энэ жилийн конференс “Нөлөөллийн үнэлгээний цаашдын хөгжил: Хувьслын замаар уу, хувьсгалын замаар уу” гэсэн үндсэн сэдвийн дор өрнөж, нөлөөллийн үнэлгээний үр өгөөжийг дээшлүүлэхийн тулд өмнө явж ирсэн онол парадигм, зохицуулалтыг үндсээр нь өөрчлөх үү, эсвэл одоогийн хөгжиж ирсэн практикаа илүү засаж сайжруулах замаар жам ёсны хөгжлөөр замнах уу гэдэг асуултад хариулт эрлээ.
Конференсийн өмнөх 2 өдөр тухайлсан сэдвүүдээр мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулагдсан. "Нүүлгэн шилжүүлэлт ба нөлөөллийн үнэлгээ" сэдэвт сургалтыг нүүлгэн шилжүүлэлтийн зөвлөхүүд болох Лиз Вал, Анжела Гриман нар зохион байгуулсан, аль аль зөвлөх нь Монгол улсад нүүлгэн шилжүүлэлтийн төслүүд дээр ажиллаж байсан аж, тухайлбал: ОТ төсөл, Морингийн давааны хогийн цэгийн төсөл.
";}