IRIM судалгааны хүрээлэн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхдийн хөгжил хамгааллын ажлыг дэмжин ажилладаг. Үүнтэй холбоотойгоор хүүхэд хамгааллын бодлогоо бид олон улсын стандартын дагуу шинэчлэн боловсрууллаа. Манай байгууллага байгаль хамгаалах бодлого, хүүхэд хамгаалах бодлого зэрэг баримт бичгүүдээ гэрээт ажилчид, зөвлөхүүд, шинэ ажилчдадаа тогтмол танилцуулж онол, арга зүйн сургалтыг өгч ажилласаар ирсэн.
Энэхүү бодлогын баримт бичгийг Монгол улсын үндсэн хууль, Хүүхэд хамгаалах хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хууль зэрэг хуулиудад үндэслэн боловсруулсан. Хүүхэд бүрт аюулгүй, эерэг орчинг хэрхэн бүрдүүлэх мөн хүүхдийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаанд заналхийлсэн, учирч болох хор хөнөөлөөс хэрхэн хамгаалах, анхаарах талаар тусгасан.
Хүүхэд хамгаалах бодлоготой болсноор нийт ажилчид хүүхдийн эсрэг аливаа сэжиг, таамаглал бүхий бодит нөхцөлд хэрхэн хандах, хүүхэдтэй яаж харьцах, аюултай нөхцөл байдалд орсон тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар практик арга зүйн мэдлэгтэй болдог. Тийм ч учраас IRIM судалгааны хүрээлэн хүүхэд хамгааллын бодлогын талаар ажилчдадаа тогтмол мэдлэг, мэдээлэл өгч, харилцан мэдээлэл солилцдог байхыг бусад харилцагч, хамтрагч болон ижил төстэй үйл ажиллагаа эрхэлдэг албан байгууллагуудад уриалж байна.