Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт (ХНХСИ)-ээс төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн байдал болон хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлт, хөдөлгөөнийг судлан салбарын бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагчид, судлаачдыг мэдээллээр хангах зорилгоор жил бүр гүйцэтгэдэг “Төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийн судалгаа”-ны 2019 оны мэдээлэл цуглуулалтын ажлыг IRIM судалгааны хүрээлэн амжилттай зохион байгуулж дууслаа.
Төслийн баг 2019.07.05-2019.12.11-ны хугацаанд ажиллаж 2015-2016 оны хичээлийн жилд их, дээд сургууль болон мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг төгссөн 4909 төгсөгчдийг судалгаанд хамруулав.
Судалгаанд 50 орчим судлаачтай талбарын өргөн баг, бүрэлдэхүүн IRIM-н Дуудлагын төвийн бүрэн ажиллагаатайгаар мэдээлэл цуглуулалтыг амжилттай дуусгалаа. Судалгааны төгсгөлд бид мөшгих судалгааны арга, аргачлалыг ахисан түвшинд ашиглах туршлага хуримтлуулж чадлаа.
Судалгааны мэдээлэл цуглуулалтад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан нийт төгсөгчид болон их, дээд сургуулиуд, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институтийн хамт олонд судалгааны багийн зүгээс талархал илэрхийлье.
Судалгааны тайланг ХНХСИ-ийн сайт (http://rilsp.gov.mn/tasudalgaa.php)-д олон нийтэд нээлттэйгээр байршуулах бөгөөд судалгааны үр дүн, арга, аргачлал, дүн шинжилгээг өөрсдийн үйл ажиллагаандаа ашиглах болон энэ талаарх санал хүсэлтээ илэрхийлэхийг хүсвэл ХНХСИ-ийн сайт (http://rilsp.gov.mn/)-д хандах боломжтой.
";}