IRIM Судалгааны хүрээлэнгийн үнэлгээний баг, Олон улсын үнэлгээний зөвлөх Диша Заидитай хамтран Азийн сан, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар (НЗДТГ)-тай хамтран хэрэгжүүлдэг “Хотын засаглалыг сайжруулах нь” төслийн дунд шатны үнэлгээг 2019 оны 11 сараас 2020 оны 4 сарын хооронд хийж гүйцэтгэлээ.
“Хотын засаглалыг сайжруулах нь” төсөл нь Швейцарын хөгжлийн агентлагийн (ШХА) Засаглалыг дэмжих, төвлөрлийг сааруулах хөтөлбөрийн II үе шатны хүрээнд хэрэгжиж буй бөгөөд иргэдэд тулгамдсан асуудлын талаарх мэдээллийг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдад хүргэх, иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, нийслэлийн нутгийн захиргааны албан хаагчдын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх замаар хотын оршин суугчдын амьжиргааг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулахыг зорин ажилладаг.
Төслийн эхний үе шат (2015-2019) дуусаж, хэрэгжилтийн дараагийн үе шатанд (2020-2022) шилжиж буйтай холбоотойгоор энэхүү дунд шатны үнэлгээг гүйцэтгэх хэрэгцээ шаардлага үүссэн ба үнэлгээний үр дүн нь төслийн эхний шатны үнэлгээ болохоос гадна дараагийн шатны суурь мэдээллийг цуглуулснаараа онцлогтой байв.
Үнэлгээний хүрээнд төслийн хэрэгжүүлсэн гол үр дүнгүүд (outcome) болох: Орон нутгийн засаглалд иргэдийн оролцоонд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих (Үр дүн 1); Иргэдэд хүрэх төрийн үйлчилгээг сайжруулах (Үр дүн 2); Төрийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлэх (Үр дүн 3)-д оруулсан төслийн хувь нэмрийг хэмжихийг зорилоо. Ингэхдээ төслийн суурь болон дунд шатны үнэлгээний үр дүн болон төслийн зорилтот, хяналтын хороодын үр дүнг харьцуулан үнэлсэн.
Үнэлгээг төслийн логик хүрээ болон ОУ-ын эдийн засаг хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Хөгжлийн тусламжийн хорооны боловсруулсан (OECD-DAC) үнэлгээний дөрвөн шалгуур үзүүлэлтэд тулгуурлан гүйцэтгэсэн. Үнэлгээний үр дүнгээр төслийн үр дүнгийн нийт 36 шалгуур үзүүлэлтээс 32 нь “биелсэн”, дөрвөн шалгуур үзүүлэлт “биелсэн хэдий ч цаашид сайжруулалт шаардлагатай” гэж дүгнэгдлээ.
Үнэлгээний талбарын мэдээлэл цуглуулах ажлыг 2019 оны 12 дүгээр сард Улаанбаатар хотын 9 дүүргийн 42 хорооны 1277 иргэнээс асуумж, хороо, дүүрэг, нийслэлийн болон бусад холбогдох 40 орчим албан хаагчтай ганцаарчилсан ярилцлага хийж цуглуулсан.
Үнэлгээг амжилттай гүйцэтгэхэд хамтран ажилласан олон улсын үнэлгээний зөвлөх Диша Заиди болон Азийн Сангийн “Хотын засаглалыг сайжруулах нь” төслийн баг, судалгаанд оролцсон бүх оролцогчдод, мөн судалгаа явагдсан хороодын засаг дарга, албан хаагч нарт үнэлгээний багийн зүгээс баярласан талархсанаа илэрхийлье.
";}