IRIM судалгааны хүрээлэн нь Хууль зүй, дотоод хэргийн яам болон Азийн хөгжлийн банктай хамтран 2019-2022 оны хооронд хэрэгжүүлж буй “Хүүхэд, эмэгтэйчүүдийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Хөгжлийн бэрхшээлтэй хүний гэр бүлийн хүчирхийллийн чанарын судалгаа”-г 2020 оны 7 сараас эхлэн 2020 оны 10 дугаар сар хүртэлх хугацаанд гүйцэтгэж байна.
Судалгаагаар бид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийтлэг өртөж буй гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр, түвшин, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг тодруулах, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүчирхийлэлд өртөж буй байдлаа ухамсарлан ойлгох, бусдад мэдээлэх, тусламж үйлчилгээ эрэлхийлэх ойлголт, зан үйлийг тодорхойлж, цаашид хөтөлбөр, үйл ажиллагааны түвшинд авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал, зөвлөмж боловсруулахаар зорьж байна.
Судалгааны мэдээлэл цуглуулалтад гэр бүлийн хүчирхийллийн хохирогч, хохирогч болох эрсдэлтэй хөгжлийн бэрхшээлтэй 16-аас дээш насны хүмүүс, тэдний гэр бүл, асран хамгаалагчид болон хамтарсан багийн гишүүд зэрэг хохирогчийг хамгаалах, үйлчилгээ үзүүлэх үүрэг бүхий талуудыг хамруулахаар төлөвлөж байна.
Гэр бүлийн хүчирхийллийн сэдэв нь өөрөө хувь хүний эмзэг, сөрөг туршлагыг хөнддөг тул багийн зүгээс судалгааны үр дагавартай холбоотой асуудлыг хамгийн бага түвшинд байлгахыг чухалчлан ярилцлагын таатай орчныг бүрдүүлэх, зөв техникүүдийг ашиглах, үүнд судлаачдыг бэлтгэх, ярилцлагын төгсгөлд судалгаанд оролцогчдыг сэтгэлзүйн хувьд сэргээх дасгал, техникүүдийг авч хэрэгжүүлэх зэрэг нэмэлт зохион байгуулалтын ажлуудыг төлөвлөж байна.
Судалгааны мэдээлэл цуглуулалт Азийн хөгжлийн банкны төслийн зорилтот 5 байршил болох Увс, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг болон Улаанбаатар хотын Налайх, Сонгинохайрхан дүүрэгт 2020 оны 09 сард зохион байгуулагдана.
Судалгаатай холбоотой асуудлаар төслийн зохицуулагчГ. Жаргалмаатай (jargalmaa@irim.mn) холбогдох боломжтой.
#ХөгжлийнБэрхшээлтэйХүн #ГэрБүлийнХүчирхийлэл #ЧанарынСудалгаа
";}