Ковид-19 цар тахал Монгол Улсад дотооддоо халдварлагдан тархаагүй боловч хөл хорио, хил хаах гэх мэт шийдвэрийг Улсын Онцгой Комиссоос гаргаж саяхан хорио цээрийн дэглэм хумигдсан билээ. Хорио цээрийн дэглэмийн үеэр гэмт хэргийн гаралт, халдварт өвчлөл буурсан зэрэг эерэг нөлөө ажиглагдаад буй. Гэвч нийгэм, эдийн засгийн олон үр дагаврууд бий болж, энэ нь даамжирсаар байгааг сүүлийн үед хийгдсэн судалгаанууд батлан харуулж байна.
Үр дүнгээс нь тоймлон авч дурдвал гурван өрх тутмын нэг нь цалингийн орлого буурсан, өрхүүдийн 12 хувь ажлын байргүй болсон, өрхүүдийн 64 хувь нь хүнсний гол бүтээгдэхүүнүүдийн үнэ нэмэгдсэн зэргийг дурджээ. Уг цар тахал ядуурлын шугамаас доогуур амьдарч буй өрхүүдэд, эмэгтэй тэргүүлэгчтэй өрхүүдэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй өрхүүдэд нөлөөлж, хөдөлмөр эрхлэхээ зогсоосон иргэдийн дунд эдгээр бүлэг хүмүүсийн эзлэх хэмжээ давамгай байгаа аж.
Энэхүү давагдашгүй хүчин зүйлийн эсрэг IRIM судалгааны хүрээлэн АНУ-д төвтэй Give2Asia олон улсын байгууллагаас Ковид-19 цар тахлаас үүдэн хүнс, тэжээлийн дутагдалд орсон эмзэг бүлгийн өрхүүдэд хүнсний тусламж үзүүлэх төсөл хэрэгжүүлэх 10,000 ам.долларын грант авлаа. Төсөл нь нийслэлийн Сонгинохайрхан, Налайх дүүргүүд болон Увс, Сэлэнгэ, Сүхбаатар аймгуудын гэр хороололд амьдарч буй 200 хөгжлийн бэрхшээлтэй эмзэг өрхүүдийг сонгон хүнс, тэжээлийн тусламж түгээх байдлаар хэрэгжиж байна. Төслийн хүрээнд (1) Ковид-19 цар тахалтай нүүр тулсан өрхүүдийн нөхцөл байдалд түргэвчилсэн хэрэгцээний үнэлгээ хийж, (2) хүнсний тусламж үзүүлж буй байдлыг баримтжуулан авч, цар тахлаас үүдсэн нөхцөл байдал даамжирч, эдийн засгийн хямрал гүнзгийрэх үед эмзэг бүлгийн өрхүүдэд үзүүлэх цаашдын дэмжлэг туслалцааны хэрэгцээг харуулсан харилцааны материал бэлтгэхэд ашиглах болно.
Одоогоор хүнсний тусламж үзүүлэх ажил дуусч, баримтжуулалт боловсруулах ажил явагдаж байна.
";}