ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ АЖИЛЛАГСДЫН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААРХ МЭДЛЭГ, ХАНДЛАГА, ДАДЛЫН СУДАЛГААНЫ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛАЛТ ЭХЭЛЛЭЭ.
Судалгааны мэдээлэл цуглуулалтад 21 аймаг болон Улаанбаатар хотын 9 дүүргийг төлөөлөхүйц 1200 эмч, сувилагч, удирдан албан тушаалтнаас асуумж судалгааны аргаар мэдээлэл цуглуулах бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн талаарх ойлголт, мэдлэг, хандлага, дадлыг нь үнэлэх юм.
Мөн уг судалгаагаар эрүүл мэндийн байгууллагуудын уур амьсгалын өөрчлөлтийн бэлэн байдлыг урт хугацааны УАӨ-ийн нөлөөлөл болон богино хугацааны байгаль цаг уурын гамшигт бэлтгэгдсэн байдал, гамшгийг эрсдэл багатай даван туулах, тэсвэрлэх чадавхыг ДЭМБ-аас 2021 онд гаргасан ‘Уур амьсгалын өөрчлөлтийн нөхцөл байдал дахь эрүүл мэндийн байгууламжуудын эмзэг байдлыг үнэлэх шалгах хуудас’-ыг ашиглан үнэлнэ. Уг үнэлгээг нийт 8 аймаг, 9 дүүргийн 78 эмнэлэг дээр хийж эхэллээ. Эдгээр мэдээллийг баталгаажуулан, учир шалтгаан, шийдэл тодруулах зорилгоор эрүүл мэндийн байгууллагуудын удирдах түвшний ажилтнуудтай ганцаарчилсан ярилцлага (ГЯ) болон бүлгийн ярилцлага хийж бүрэн цогц үнэлгээ гаргана.
Судалгааны мэдээлэл цуглуулалт орон даяар 2024 оны 08-р сарын 26-аас 9-р сарын 15 хүртэл үргэлжлэх бөгөөд аймаг болон дүүргүүд дээр тус бүр 3-4 хүний бүрэлдэхүүнтэй судалгааны баг ажиллаж байна.
Уг судалгааг Даян Дэлхийн Ногоон Хөгжлийн Институтийн санхүүжилтээр, Эрүүл Мэндийн Яамны дэмжлэгтэйгээр манай хүрээлэн гүйцэтгэж байна.
Та бүхэн судалгаатай холбоотой мэдээлэл авах бол IRIM судалгааны хүрээлэнгийн судлаач, зохицуулагч П.Цэдэн-Иш (Tseden-Ish@irim.mn)-тэй холбогдоно уу.