Манай улсад олон улсын жишиг ангилал, аргазүйн дагуу нарийвчлан гаргасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн (ХБХ) бүртгэл, төрөлжүүлсэн мэдээллийн сан байхгүй, салбар бүрт ашиглаж буй тоо баримт, статистик хоорондоо ихээхэн зөрүүтэй бөгөөд үүний гол шалтгаан нь хөгжлийн бэрхшээлийг илрүүлэх, тодорхойлох нэгдсэн аргазүй, аргачлал байхгүйтэй холбоотой. ХБХ-ийн эрхийг хангахад олон талаар нөлөөлж буй тус асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах зорилгоор Хараат Бус Судалгааны Хүрээлэн “Хөгжлийн Бэрхшээлтэй Хүүхдийн Гэрэлт Ирээдүй” (ХБХГИ) төслийн хүрээнд хүүхдийн бэрхшээлийг илрүүлэх “Хүүхдийн үйл ажиллагаа”(Child Functioning Module) аргачлалын монгол хувилбарыг боловсруулан туршаад байна. Тус илрүүлэх аргачлал нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан, Вашингтон бүлэг хамтран боловсруулсан, олон улсад ХБХ-ийн тоо статистикийг тооцоход санал болгож буй аргачлал юм.
ЕБС-ийн түвшинд тус аргачлал нь нэн хэрэгцээтэй, хүүхдэд тулгардаг олон талын эрсдлийн талаар багш, эцэг эхэд мэдээлэл өгөхүйц, ХБХ-ийн тоог нэгтгэн гаргахад ач холбогдол бүхий аргачлал болохыг төслийн зорилтот сургуулийн багш, ажилчид онцолж байна. Ийнхүү төслийн зорилтот сургуулийн багш ажилчид аргачлалаар илэрсэн хүүхдүүдийг өөрсдийнх нь тусгай хэрэгцээнд нь нийцүүлэн хөгжүүлэх олон талт ажлыг санаачлан хэрэгжүүлсэн сайн туршлагуудыг та бүхэнд танилцуулж байна.
Хүүхдийн бэрхшээл, онцлог, тусгай хэрэгцээг эрт танин мэдсэнээр боловсролын үйлчилгээг илүү үр дүнтэй, хүүхэд төвтэй төлөвлөх, ХБХ-ийг тэгш хамруулан сургах урьдач нөхцөл бүрдэх юм. Иймд цаашид тус аргачлалын хэрэглээ, үр шимийг улам нэмэгдүүлэхэд Хараат Бус Судалгааны Хүрээлэн анхаарлаа хандуулан ажиллаж байна.
Дашрамд дурдахад, Хараат Бус Судалгааны Хүрээлэн ХБХГИ төслийг ДЗМОУБ-тай хамтран 2016 оны 04 сараас Нийслэлийн гурван дүүргийн есөн ЕБС, 18 хороонд хэрэгжүүлж байна.
Доорх линкээр Нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү?
https://www.youtube.com/watch?v=JLy9RDRE8Ao&t=178s
";}