IRIM судалгааны хүрээлэн нь 2017 оны 12 сараас 2018 оны 3 сарын хооронд “Нэгдүгээр ангийн сурагчдын суралцах чадварыг дэмжихэд чиглэсэн сургуулийн чадавхийг бэхжүүлэх нь” төслийн эцсийн үнэлгээний төслийг хэрэгжүүллээ. Уг төслийг Японы хүүхдийг ивээх сан Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам (БСШУСЯ)-тай хамтран хэрэгжүүлсэн юм. Төслийн зорилго “Сургуульд дасан зохицох хөтөлбөр”-ийн тусламжтайгаар сонгосон төрийн өмчийн сургуулиудын 1-р ангийн сурагчдын суралцах чадварыг дээшлүүлэх юм.
Эцсийн үнэлгээний төслийн зорилго нь нотолгоонд суурилсан аргачлалаар төслийн үр дүн, хэрэгжилтийн явцыг үнэлж, дүн шинжилгээ хийхэд оршиж байв. Эцсийн үнэлгээний төслийн хүрээнд төслөөс хүлээгдэж буй үр дүнгүүдийг хэмжих гол шалгуур үзүүлэлтүүдийн гүйцэтгэлийг үнэлж, төслийн сайн туршлагууд болон хэрэгжилтийн явцад учирч байсан хүндрэл бэрхшээлүүд, сурсан сургамжуудыг илрүүлсэн. Мөн түүнчлэн төслийн хэрэгжилтийн үр дүнд нэгдүгээр ангийн сурагчдын сургуульд бэлтгэгдсэн байдал болон дасан зохицох чадварт гарсан үр нөлөө, өөрчлөлтийг үнэлсэн.
Эцсийн үнэлгээнд Баянзүрх, Чингэлтэй болон Сонгинохайрхан зэрэг төслийн зорилтот 3 дүүргийн 34 сургуулийг хамруулсан. Мөн үнэлгээний хүрээнд нийт 504 багш, 500 эцэг эхийг хамруулсан. Мөн түүнчлэн 3 фокус бүлгийн ярилцлага, 38 ганцаарчилсан ярилцлага болон 10 кейс судалгааны мэдээлэл цуглуулсан.
IRIM-н төслийн баг эцсийн үнэлгээний үр дүнг 2018 оны 3-р сарын 13-нд зохион байгуулагдсан Төслийн хаалтын арга хэмжээний (http://ikon.mn/n/18nt) үеэр үндэсний болон орон нутгийн түвшинд боловсролын чиглэлээр ажиллаж буй оролцогч талуудын дунд танилцуулав.