IRIM Судалгааны Хүрээлэн нь үүсгэн байгуулагдсанаасаа хойш жендэрийн тэгш эрхийг хангасан шийдвэр гаргалтад шаардлагатай судалгаа, баримт нотолгоог бүрдүүлэх, бүх үйл ажиллагаандаа жендэрийн тэгш байдлын зарчмыг баримтлан ажиллахыг эрмэлзэж ирсэн.
Хэрэгжүүлсэн хөтөлбөр, төсөл, судалгааны ажлууддаа жендэрийн асуудлаар нотолгоонд суурилсан бодит, хараат бус мэдээллийг цуглуулж холбогдох хууль, эрх зүй, бодлогын баримт бичгүүдэд өөрчлөлт оруулах чиглэлд өөрсдийн хувь нэмрээ оруулсаар байна. Ингэснээр бид 2017 онд Жендэрийн Үндэсний Хорооны албан ёсны гишүүн болсон билээ. Энэ хугацаанд хэрэгжүүлсэн төсөл, судалгааг дурьдвал:
“Төр засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүд сонгогдох боломж"сонгогчдын хандлагын судалгаа. 2008 он
Төр, засгийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх байр суурийн талаарх олон нийтийн санал бодол, түүнд нөлөөлж буй нийгэм сэтгэл зүй хүчин зүйлс, сөрөг хандлагыг даван туулахад эмэгтэй улс төрчдөд шаардагдах имидж, олон нийттэй харилцах бодлогын үндсэн чиглэлүүдийг тодорхойлсон.
“Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүйн индикатор” судалгаа, нөлөөллийн төсөл. 2010-2012 он.
Хэвлэл мэдээллийн хэрэгслийн жендэрийн мэдрэмжийн талаар олон улсын туршлагыг судалж, монголын жендэр судлаачид, эмэгтэйчүүдийн хүний эрхийн экспертүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудын оролцоон дээр суурилан "Хэвлэл мэдээллийн хэрэгслийн жендэрийн мэдрэмжтэй байдлын шалгуур үзүүлэлт"-ийг боловсруулсан.
"Монгол улс дах жендэрийн эрх тэгш байдал, олон нийтийн хандлага" туршилтын судалгаа. 2013 он.
Соёл хоорондын туршилтын судалгаа (нэг удаагийн) нь жендэрийн тэгш байдалд анхаарал хандуулан шашин шүтлэг, нийгэм-эдийн засгийн байдал, хүйс болон бусад хүчин зүйлс нь нийгмийн тэгш байдлын хандлагатай хэрхэн уялдаж байгааг тодруулан судласан.
Байгаль орчны салбарын жендэрийн үнэлгээ. 2017 он
Судалгааны хүрээнд байгаль орчны салбарын жендэрийн стратегийн 1 дүгээр шатны хэрэгжилтэнд үнэлгээг хийж, жендэрийн тэгш байдлыг ойн салбарын жишээн дээр авч судалсан. Байгаль орчны салбарын жендэрийн стратегийн 1 дүгээр шатны хэрэгжилтийн хүрээнд гарсан ахиц, ололт амжилт, саад бэрхшээлийг тодорхойлж, стратегийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан дараагийн шатны хэрэгжилтэнд санал, зөвлөмж боловсруулсан. Ойн салбар дахь жендэрийн тэгш байдлын өнөөгийн байдлыг судлан байгаль орчны салбарын үйл ажиллагаа, шийдвэр гаргалтанд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн тэгш оролцоог хангах, баялагаас тэгш хүртэхэд шаардлагатай бодлого, шийдвэрийг боловсруулсан нь энэ салбарын хууль эрх зүйн орчныг сайржуулахад шаардлагатай баримт нотолгоо болох юм.
";}