Монгол Улсын хүн амын 14 орчим хувь ядуурлын шугамаас дөнгөж дээгүүр байгаа нь багахан хэмжээний цочролд өртөхөд эдгээр хүн ам ядууралд ороход бэлэн байгааг харуулж байна. Нийт ядуу хүн амын 42 хувь нь Улаанбаатар хотод байгаа төдийгүй сүүлийн жилүүдэд нийслэл хотод ядуурал огтхон ч буураагүй байна. Ядууралд эдийн засаг, нийгмийн олон хүчин зүйл нөлөөлдөг хэдий ч нийгмийн халамжийн зорилтот хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх нь ядуурлыг бууруулахад онцгой хувь нэмэртэй байдгийг олон эх сурвалж дурдсан байдаг.
Ядуурлыг бууруулахын тулд бэлэн мөнгөний тусламжийг бусад арга хэрэгсэлтэй хослуулан хэрэгжүүлэх нь онцгой үр дүнтэй бөгөөд үүнийг Төгсөлтийн аргачлал гэж олон улсад нэрлэдэг. Төгсөлтийн аргачлал нь олон хэмжээст ядуурлыг (эрүүл мэнд, боловсрол, амьдралын нөхцөл, аж байдлын баталгаат байдал) зөвхөн нэг төрлийн арга хэрэгслээр (боловсролын түвшин, сургалт, нийгмийн халамж зэргийг нэмэгдүүлэх) бүрэн шийдвэрлэж чадахгүй гэж үздэг. Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Монгол Улсын Засгийн Газар (МУЗГ) нийгмийн халамжийн тогтолцоог бэхжүүлэх зорилгын хүрээнд амьжиргааны олон эх үүсвэрийг болгох, өрхүүдийн цочролд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх зорилготой “Цочролд тэсвэртэй нийгмийн хамгаалал 2 төсөл”-ийг 2022 оны 12-р сараас 2023 оны 04 сарын хугацаанд хэрэгжүүлж байна.
IRIM судалгааны хүрээлэн энэхүү “Төгсөлтийн аргачлалаар хэрэгжүүлэх туршилтын төсөл”-ийн зах зээлийн нарийвчилсан судалгааг 2022 оны 12 дугаар сарын 12-оос 2023 оны 4 дүгээр сарын 30-ыг хүртэл хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Зах зээлийн судалгаа нь нийслэл Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн хүүхдийн мөнгө болон хүнсний талон авч буй зорилтот өрхүүдийн онцлогт нийцсэн 8-10 тогтвортой амьжиргааны хувилбаруудыг дүүрэг тус бүрээр тодорхойлон гаргах зорилго бүхий зах зээлийн системийн шинжилгээг хийнэ.
Зах зээлийн судалгааны ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл төслийн зохицуулагч Н. Нандинцэцэгтэй (nandintsetseg@irim.mn) холбогдох боломжтой.
";}